Бурхан ганц хүслийг чинь биелүүлье гэвэл Чингис хааныг дахин төрүүлээч гэж хүснэ
Амьдралаа өөд татахаар олон сайхан залуу хүний нутгийн зүг хүлгийн жолоо залж байгаа. Соонгост ажиллах хугацаандаа чамгүй их зүйл сурч мэдсэн, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөвөл хаана ч мөнгө олж сайхан амьдрах боломжтой юм байна шүү гэдгийг манай сэтгүүлээр дамжуулан хэлж буй энэ залууг Б.Алтангэрэл гэдэг.
- Солонгост очоод хэдэн жил болж байна?
- Хоёр жил шахам болж байна. Ирэх жилийн есөн сард гэрээний хугацаа дуусна. Гэрээгээ дуусахаас өмнө нутагтаа очих санаа байгаа. Эндхийн хоол унд, цаг агаарт нь дасаж байгаа ч монголоо маш их санаж байна. Үйлдвэртээ би ганц монгол нь. Харин ойр хавийн үйлдвэрүүдэд 20 гаруй монгол хүн байгаа. Амралтын өдрүүдээр хааяа уулзаж нутгийн сонин ярьдаг.
- Хоёр жил гэдэг багагүй хугацаа. Таны бодлоор солонгосчуудаас хамгийн авууштай зан чанар нь юу вэ?
- Солонгосчууд маш ажилсаг. Өөрт ногдсон ажлаа цаг хугацаанд нь чин сэтгэлээсээ хийдэг зан нь тэдний хамгийн сайн тал нь. Үүрэг хариуцлага гэж юу байдгийг ягштал баримталдаг. Ажил үүргийн дагуу би хийх ёстойгоо хийнэ, чадахгүй бол халагдана. Дарга хийсэн ажлыг зохих ёсоор нь үнэлэн цалин мөнгө, нийгмийн хангамж, ар талыг бүрэн даадаг.хүмүүсийн хоорондын харилцаа, хууль ёс зүйн хувьд бүрэн шийдвэрлэгдсэн байдаг даа. Харин манайхан нэг зүтгэвэл ажлаа дуусгадаг ч нэрэлхүү зан нь дийлээд байдаг. Чадахгүй, мэдэхгүй зүйлээ асууж заалгахаасаа санаа зовдог. Дээрээс нь ажил голно, мөнгөө хамаагүй үрдэг. Ер нь солонгос хүмүүс ажлыг
- Мөнгө хураах зорилгоор Солнгост олон монголчууд байгаа. Хангалттай хэмжээнд мөнгө хурааж чадсан уу?
- Би илүү цагаар өдөр бүр ажилладаг. Өөрийнхөө хэмжээнд боломжийн мөнгө цуглуулсан. Гэхдээ ажил хийвэл хаана ч мөнгө олох боломжтой.. Нутгаа их санаж байгаа болохоор гэрээгээ дуусгалгүй харьдаг ч юм билүү гэж бодох юм. Энд байгаа зарим хүн гурав, дөрвөн жил болчихоод мөнгө хурааж чадаагүй байдаг.
- Яагаад? Хэрэглээнийхээ мөнгөнөөс илүү гаргаж чадахгүй байна гэсэн үг үү?
- Наргиан цэнгээн, архи тамхинд мөнгөө үрээд, утсаар хамаагүй их ярьж, тансаглаад цалингаа үрээд дуусгадаг. Энд архи, тамхи нэлээн өндөр үнэтэй. Хамгийн хямдхан тамхи нь гэхэд 2600 орчим төгрөг байдаг. Уг нь цалин боломжийн, ахуйн хэрэглээний зүйл монголтой ойролцоо болохоор мөнгө хийх бололцоо хангалттай гэж би хувьдаа боддог.
- Монголчууд цуглаад чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ?
- Эх орондоо юу болж байгаа талаар ар гэрийхнээсээ сонссоноо, интернетээр монгол сайтууд юуны тухай бичиж байна гээд олон л юм ярьна даа. Зургадугаар сар гарснаас хойш сонгууль л ярьдаг боллоо. Олон нам, хүчин, бие даагчдын талаар мэдээ, нэвтрүүлэг интернетээр үзэж байна. Энд байгаа хүмүүсийн дийлэнх нь сонгуульд аль ч нам ялсан ялгаагүй дээ гээд л толгой сэгсэрцгээж байгаа.
- Ажиллах болон амьдрах нөхцөл болоцоо ямар байна?
- Кенгасан Намду аймгийн Гимхай Ши хотын Жин Ёнг дүүрэгт амьдардаг. Манайхаар бол сумын төв. Гэхдээ хөгжил дэвшил бол алд дэлэм зөрүүтэй. Байр орон сууц, хоол, ахуй хангамж сайн. Ер нь том хотод ажилласнаас жижиг газрын хүмүүс нь хэл амаа ололцоход ч хялбар байдаг.
- Монголын юугаар нь хамгийн их бахархадаг вэ?
- Монгол хүн болж төрсөндөө хамгийн их бахархадаг. Бас тэнэгэр уудам газар нутаг, хэзээ ч, хаана ч дахин давтагдашгүй хүн зоных ахуй амьдрал, соёл, уламжлал гээд олон бахархал бий. Ер нь хүн хүний газар байхдаа эх орон, түүх, соёл, өөрийн гэсэн бүхнээ хайрлан хамгаалах, түүгээрээ бахархах сэтгэл илүү их төрдөг дөө.
- Яг одоо бурхан таны нэг хүслийг биелеелье гэвэл юу хүсэх вэ?
- Чингис хааныг, эсвэл түүн шиг хүчирхэг түүхийг бүтээж чадах тийм хүнийг төрүүлж өгөөч гэж гуйна. Бид тэр хүний нэрийг өчнөөн худалдаж иддэг. Гэсэн түүнийнэр төрийг өргөх, бахархах тэр сэтгэлээ юунд үлдээсэн билээ. Бид дахиад тийм хүн шиг хүчирхэг түүхийг бүтээж, эх орныхоо алдрыг дахин дэлхийн сонорт чангаас чанга хэлэх ёстой гэж боддог.