Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд хөмсгөө зангидан уйтгарладаг
Ээжийгээ гуних үед хэвлий дэх хүүхэд
хөмсгөө зангидан уйтгарладаг
Хүн нэмбэл хүнс нэмнэ гэсэн үгээр бид нялхасыг өлгийдөн авдаг. Орчин цагт төрснийх нь дараа хүмүүжүүлэх бус эхийн хэвлийд байхаас нь эхлэн зааж сургаж, харилцан ярилцаж, түүнийгээ хайрлах нь хүүхдийг бие хүн болон төлөвшихөд ихээхэн нөлөөтэй гэж үзэх болсон. “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвийн мэргэжилтэн н.Энхжаргалыг урьлаа.
- Танай төв жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт зохион байгуулах гэж байгаа гэж сонслоо. Энэ сулгалтын онцлог давуу тал нь юу вэ?
- Манай “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төв жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд хөтөлбөрөө боловсруулах шатандаа явж байна. Бид зарим эмнэлгүүд дээр жирэмсэн эхчүүдэд зориулан сургалт явуулж байсан. Түүн дээрээ үндэслээд энэхүү ажлыг зохион байгуулна. Ер нь манай улсад жирэмсэн эхчүүдийн сэтгэл зүйг судлан, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулагдаж байгаагүй. Жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүй ердийнхөөсөө эрс өөр байдаг.
- Тэгвэл энэ асуудал дэлхийн төвшинд ямар байдаг вэ? Жирэмсэн эхчүүдийн сэтгэл зүй ямар онцлогтой гэж?
- Дэлхий дахинд тэр тусмаа барууны орнуудад энэ шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж байгаа. Эрт дээр үеэс жирэмсэн эхчүүдэд сэтгэл зүйд яаж хандах вэ гэсэн хандлага улс орон бүрт соёл уламжлалаасаа хамаараад янз бүр байсан. Японд жирэмсэн эхчүүдэд сонгодог хөгжим сонсгон сэтгэл санааг нь тайвшруулж, хүүхдэд хөгжмийн мэдрэмжийг бий болгон төрүүлэх арга хэрэглэж байсан. Зарим Африкийн орнуудад хэвлийд байгаа хүүхэддээ бүжгээр нөлөөлдөг байсан. Өнгөрсөн зуунд нийт хүмүүсийн дунд эмэгтэй хүн байгалийнхаа жам ёсоор төрж, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн ааш араншин, аливаад хандах хандлага нь аажимдаа төлөвшдөг гэсэн үзэл нийгэмд ноёрхож байсан. Харин энэ зууны эхээр хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаасаа анхаарал, ой тогтоолт, зан ааш гээд хүнд байдаг бүхэн бүрэлдэж эхэлдэг гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр нотолсон. Үүнийг ч хүмүүс хүлээн зөвшөөрөөд байгаа. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ төрөхөөс нь өмнө анхаараач ээ гэж сэтгэл зүйчид зөвлөж байгаа.
- Хүмүүс хүүхдээ төрснөөс нь хойш анхаардагаас бус хэвлийд байхад ач холбогдол өгөөд байдаггүй юм шиг...
- Ээж аавууд хүүхдээ төрснийх нь дараа тэврээд суухаараа байгааг нь мэдэрч хайрлан энхрийлдэг. Эхо ургийг ажиглах боломжийг бидэнд олгосон. Эр эм эсүүд нийлж хүүхэд бүрэлдэж эхлэх цагаас нь хэдэн сартайдаа, хэдэн хоногтойдоо ямар ааш зан, үйл хөдлөл үзүүлдэг вэ, хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг гадны эрдэмтэд нарийн судалчихсан байгаа. Зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд ямар нөлөө үзүүлж байгааг ч давхар судалсан. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн үедээ их өөрчлөгддөг. Гармоны өөрчлөлт, нийгмийн харилцаа, орчин тойрны хүмүүсийн хандлагаас үүдэн хямралд орох тохиолдол гардаг. Үүнээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх, энэ бүхний хор нөлөөнд өөрийгөө болон тээж буй хүүхдээ автуулахгүйгээр даван туулж, төрөхөөс нь өмнө хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэсэн том ухааныг бид өөрийн ард иргэддээ зах зухаас нь ч болов хүргэхээр зорьж байна.
- Тэгвэл хэвлийд байгаа хүүхэдтэйгээ яаж харьцах вэ? Зөв хүмүүжил олгох анхны алхам нь...
- Таны хүүхдээ гэсэн бодол дандаа эерэг, сайхан байх нь хүүхдийн өсөлт хөгжил, төрсний дараах эрүүл мэндэд ч сайн. Хүүхдээ хэвлийд байхаас нь эхлэн зөв хүмүүжүүлэхэд олон чухал хүчин зүйл нөлөөлнө. Үүнийг мэргэжлийн хэллэгээр өдөөлт гэж хэлдэг. Жирэмсэн эх амьдралын их эрч хүчтэй байж, үргэлж идэвхитэй байх хэрэгтэй. Суугаа ажил эрхэлж, байнга хэвтэх нь хүүхдийг хөдөлгөөнгүй ноомой болохолд их нөлөөтэй. Идэвхитэй байгаа нь энэ гээд гүйж харайгаад, бүжиглээд байх юм биш. Өөрийн гэсэн хэм хэмнэлээр нийгмийн болоод биеийн хөдөлгөөний идэвхитэй байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ биеийн холбоог хүүхэдтэйгээ үүсгэж гэдсээ илж таалах, хүүхэдтэйгээ ярих нь чухал. Заримдаа хэвлийн доод талын гөлгөр булчин хатуурч чангардаг. Энэ үед эх эерэг бодолд хөтлөгдөн илж зөөлрүүлж байгаарай. Эх хүүхэд хоёр зүгээр цусан, гармоны холбоотой бус сэтгэлийн хувьд ч холбоотой юм гэдгийг эрдэмтэд нээчихсэн байгаа. Ээж инээж байхад хүүхэд хэвлийдээ мишээж, харин ээжийгээ гутарч гуних үед хөмшгөө зангидан уйтгарладаг. Яг энэ үеийн ургийн сэтгэл хөдлөлийг ЭХО-гоор авсан зургууд байдаг. Дуу, хөгжим ургийн сэтгэл зүйд маш сайн нөлөөтэй байдаг. Тэр тусмаа сонгодог хөгжим. Хэрвээ ээж сонгодог хөгжимд дургүй бол сонсох албагүй, өөрийн сэтгэлд хамгийн сайхан санагдах, таашаал өгөх зүйлээ л сонсох хэрэгтэй. Эхийн сэтгэл санаа тайвширахад зүрхний хэмнэл тогтворжиж ургийн цусан хангамж сайжирдаг. Мөн жирэмсэн эхчүүдэд зориулсан дасгал бий. Жирэмсний хоног хугацаанаас хамаараад өөр өөр байдаг. Энэ дасгалуудад хүүхдийн хэвлий доторх хөдөлгөөнийг дэмжих, хөгжүүлэх, идэвхитэй байлгах зорилготой дасгалууд ч байдаг
- Ар гэрийнхэн болоод нөхрүүдэд хандаж өгөх зөвлөгөө?
- Эх, хүүхэд эсэн мэнд амаржиж, хүүхэд ямар хүн болох нь ааваас ихээхэн шалтгаалдаг. Европын оронд аав жирэмслэлтийг хамт тээх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь үргэлж хажууд нь байх гэсэн үг юм. Хол, ажил ихтэй байсан ч үргэлж утсаар ярьж” Миний хүүхэд яаж байна, чиний минь бие сайн уу гэх зэргээр сэтгэл санаагаараа хамт байх хэрэгтэй. Жаахан ч гэсэн анхаарал халамж жирэмсэн эхчүүдэд асар их сэтгэлийн дэм болно. Үргэлж чамтай, та хоёртойгоо хамт шүү гэсэн мэдрэмжийг өгдөг. Хайртай гэдгээ байнга илэрхийлэх хэрэгтэй. Яг одоо таны хайр хүүхдэд, ханьд тань хамгийн их хэрэгтэй байгаа гэдгийг эрчүүд маань ойлгох нь зүйтэй болов уу. Ээжийн гэдсэн дэх хүүхдийг аав хэдий бага сартай байхад нь илж таалж холбоо тогтооно, хүүхэд төрснийхөө дараа төлдий чинээ хурдан аавыгаа таньдаг. Наад зах нь жирэмсэн эхчүүдийн гадаад төрх, арьсны өнгө их сайхан болдог. Үүнийг анзаарч сайхан харагдаж байгааг нь хэлж эхнэртээ өөрийн биеэрээ бахархах, сэтгэл хангалуун байх боломжийг олгож байгаарай. Аавууд ч гэлтгүй ойр тойрных нь хүмүүс шинэ хүн мэндлэх гэж байгаа баяр жаргалыг нь хуваалцан сэтгэл санааг нь өргөн дэмжвэл хүүхэд эх хоёул жаргалтай, эрүүл энх байна. Бидний ээж аавууд жамаараа төрөөд болдог л байсан гэж ярьдаг. Тэр үед нийгмийн зүгээс ирэх стресс, дарамт бага байсан. Харин одоо нийгмийн зүгээс тоо томшгүй олон дарамт ирж байгаа болохоор сэтгэлийн дэм хамгийн чухал болоод байгаа.
- Төрсний дараа сэтгэл зүйн хувьд дарамттай байвал?
- Мэдээж хэцүү. Гэхдээ үүнд насны ялгаа бий. Анхны хүүхдээ 25 наснаас хойш төрүүлвэл биеийн байдал сэтгэл зүйгээ дагаад хямардаг. Зарим тохиолдолд энэ сэтгэлийн хямрал хагас жил ч үргэлжилдэг. Жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг дүрсэлбэл зиг заг хэлбэртэй байдаг. Гэнэт хөөрдөг, баярладаг бас гуньдаг, санааширдаг. Аль болох муу зүйлийг бага бодож байгаарай. Амьдрал болсон хойно сайнтай муутай гэсэн ч нялх үрээ бодоод өөрийгөө өөдрөг байлгаарай.
- Амьдралд сайхан зүйл олон байдаг шигээ бараан зүйл ч чамлахааргүй байдаг. Мэндлэх хүүхдээ ганцаараа тосоод сууж байгаа бүсгүйчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
- Ямартаа ч чанга хатуу байх хэрэгтэй. Удахгүй мэндлэх хүүхдээ амьдралд өөрийн гэсэн байр суурьтай, өөдрөг болгохын тулд өөрийгөө ч өөдрөг байлга. Амьдрал ингээд дуусахгүй эхлэж байна гэж өөрийгөө зоригжуул. Хүн хэзээ ч илүүддэггүй. Энэ танд илгээсэн бурхны хишиг. Заримдаа ганцаардсан бүсгүй тээж байгаа хүүхдээ амьдралд саад болж буй мэтээр боддог. Гэхдээ энэ бол таны л бодол. Хүсч байсан болон хүсээгүй хүүхдүүдийг төрснийх нь дараа судлахад хүсээгүй хүүхдүүд биеийн хөгжлийн хувьд сул дорой, дархлааны систем нь муу, гунтранги үзэлтэй хүн болж төлөвшдөг байжээ. Харин хүүхдээ тэсч ядан хүлээж байсан аав ээжийн хүүхэд өөдрөг, сэргэлэн цовоо, биеийн эсэргүүцэл сайтай байгаа нь нотлогдсон. Та ганцаараа байлаа ч хүүхдээ сайн сайхнаар төсөөлж түүндээ итгэл бэлэглээрэй. Тэгвэл үр тань ч бас танд итгэл хайрлана.
- Өмнөх амьдрал нь бүтэлгүйтээд дахин хүнтэй сууж хүүхэд тээж буй бүсгүйчүүд сэтгэл зүйн хувьд арай өөр байдаг гэж та хэлсэн. Тэгэхээр тэдгээр хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ?
- Хамгийн сонгодог арга бол өөрөө өөрийгөө ятгах арга. Таны хүнээс хүлээж байгаа сайхан үгийг тэр болгон хүн онож хэлээд байхгүй. Өөрөө өөрийгөө эерэг үгээр ятган үнэмшүүлэх л хэрэгтэй. Энэ үгийг хэлэхдээ өөртөө итгэлгүй байж болно. Олон давтаад байхаар аяндаа өөртөө итгэх итгэл сэргэж, сэтгэл зүйн хувьд ямар ч зүйлийг хүлээн авахад бэлэн болдог. Ер нь өөртөө итгэлтэй хүн амьдралын ямар ч саадыг амархан давж гардаг бол шантрамтгай, өөртөө итгэлгүй хүмүүс анхны шалгалтад унаж бууж өгдөг.
М.Гэрэлтуяа