2008-04-02,23:27
Олон ааштай тэнгэрийн аяыг харсаар л... Маргааш би 24 нас хүрэх нь ээ. Төрсөн өдөр гэхээр хөөрөөд гүйдэг байсансан. Жигтэйхэн хөөргөн охин юм юмруу үсчээд л... Надад хийж чаддаг зүйл байгаагүй ч чаддаггүй юм бас л байгаагүй. Өнөөдөр урд урдынхаасаа илүү их зүйлийн талаар бодлоо. Ээж аав хоёртойгоо өглөө босуутаа утсаар ярьчихсан чинь сэтгэл жигтэйхэн хөнгөхөн байна. Төрсөн өдрийн бэлгийг жил болгон ээж ааваасаа нэхдэг байсан. Одоо болихоор шийдсэн. Намайг өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулъя гээд л... Гэсэн ч ээж аав хоёр минь намайг эрхлүүлэх дуртай. Хаа байсан газраас чихэр шоколад хүнээр явуулна. Дуртай юм, хоёр хүүхдээ гээд өөрөө идэхгүй л яваа гэж үрсээс минь хүртэл харамлан хайрлана. Тулга тойрсон өчүүхэн зүйлийг нурших гэсэнгүй. Үсээ цайж, зүсээ гундтал намайг гэсэн аав ээждээ баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Эрхэм та ч гэсэн ээж аавдаа энэ үгийг өдөр болгон хэлээрэй. Магадгүй би аавыгаа гомдоосон. Аавдаа очих гэж яараагүй хэрнээ найзуудтайгаа дарвиад л... Одоо бодохоор өөртөө гомдох юм. Алба юм шиг оройтож оччихоод хүлээж суусан ээжийгээ унтаж л байхгүй, ядаргаатай юм гэж хэлсэн удаа надад л лав байгаа. Энэ бүхэнд би буруутай ч ээж минь, аав минь чи буруутай гэж чичээгүй. Миний төлөө явсаар өтөлж дээ. Би ээж болоод ээжийгээ рхамгийн анх удаа ойлгосон. Харин аав минь хааяахан хатуу үг хэлж, халамцахаараа эрх шар охин минь гээд л уйлдаг юм. Эцэг хүн үрийнхээ сэтгэлд уул байдаг юмаа. Ханхайгаад аавынхаа зайг мэдрэх сайхан....