Герман хүүхэд хүссэнээ авах эрхгүй
“Гадаадад байгаа монголчууд” булангийн маань зочин хүүхдийн өсч хүмүүжих орчин ямар байдаг тухай атаархмаар зүйлүүдийг ярьсан юм. Бид яагаад хүүхдээ ийм орчинд хүмүүжүүлж болохгүй гэж? Дэлхийн сая сая хүмүүсийн нэгэн адил бид ч гэсэн хүүхдүүддээ хайртай шүү дээ. Харин юуг өөрчлөх хэрэгтэй юм бол? Германчууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг, бид тэднээс ямар үлгэр дуурайл авч болох талаар Б.Уянгатай ярилцлаа.
- Та хэзээнээс Германд амьдрав? Олон жил гадаадад амьдарч байгаад эргэж ирэхэд ямар байна вэ?
- Би 1995 оноос хойш ХБНГУ-ын Саксон мужийн Лайпцик хотод гэр бүлийнхээ хамт амьдарч байгаад 2008 онд эх орондоо ирлээ. Тэнд “Насанд хүрэгсдийн заах арга зүй” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Ирээд хагас жил болж байна. Ирснээс хойш хүүхдийн өсч, хүмүүжих орчин байхгүй байгаа нь л хамгийн их санаа зовоож байна. Том хүү маань энэ жил аравдугаар анги төгссөн. Бага нь дөрвөн настай. Хүүхдийн орчин ерөөсөө бүрдэж өгөхгүй байна. Хүүхдийн орчин гэхээр эхлээд гэр бүл. Цэцэрлэгийг зургадугаар сарын 1-н гэхэд хаачихаж байгаа болохоор есдүгээр сарын 1 болтол хэн нэгнээр харуулах хэрэг гарч байна. ингээд л эмээ өвөө дээр нь аваачаад орхино. Ингээд л хүүхэд томчуудын дунд хаягдаж байна шүү дээ. Германд цэцэрлэг нь жилийн дөрвөн улирал амралтгүй ажилладаг. Түүнээс гадна хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх тоглоомын газар ерөөсөө олдохгүй юм. Ядаж дүүрэгтээ нэг тоглочихдог, найз нөхдүүдтэйгээ уулзчихдаг газар байдаг болоосой. Саяхан хүнээс “Хөөрхөн дэлхий” гэдэг тоглоомын газар байдаг тухай сонслоо. Хаана байдгийг нь мэдэх арга алга. Гэрт ойрхон болохоор нь “Скай” худалдааны төвийн гадаа гулсуур дээр л охиноо тоглуулж байна. хүүхэд ийм л орчинд байна шүү дээ. Бид Германд байхдаа долоо хоногтоо нэг удаа ямар нэгэн хүүхдийн газар ороод торт идчихдэг, какао уучихдаг байлаа. Харин манайд тийм юм нэг ширхэг ч байхгүй. Манай гэрийн тэнд нэг “Жүр үр”-ийн кафе байдаг юм билээ. Гэхдээ би онгорхой байхыг нь лав нэг ч удаа хараагүй.
- Хүүхдийн өсч, хүмүүжих орчин дутагдалтай байна гэж та хэллээ. Зөвхөн гэр бүлээс гадна шалтгаалж байгаа зүйлийг нэрлэвэл?
- Ирээд хагас жил болохдоо хүүхдийн эрүүл мэндэд ямар хайхрамжгүй ханддагийг өөрийн биеэр мэдрээд л сууж байна. Монгол хүүхдэд вакцины дэвтэр гэж алга. Манай хүүхэд ямар вакцин хийлгэсэн бэ, ямар вакцин нь дутуу байна, хэзээ үүнийг нь хийлгэх ёстой вэ гэдгийг эцэг эх хянах боломжгүй. Германд бүх хүүхэд вакцины дэвтэртэй, тэр дэвтэр дээр нь тийм тийм вакцин хийлгэсэн, одоо ингэх ёстой юм байна шүү гэдгийг тодорхой тэмдэглэчихсэн байдаг. Ганцхан вакцины гэлтгүй шүдний дэвтэр гэж байдаг. Цэцэрлэг дээр нь шүдний эмч ирээд шүдийг нь үзээд тийм эмчилгээ хийх ёстой байна гэсэн зөвлөгөө өгөөд тамга дардаг. Хэрвээ хүүхэд 10 нас хүртлээ улирал бүр шүдээ үзүүлээд тамга даруулчихсан тохиолдолд буруу ургасан шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхтэй болдог. Тийм болохоор хүүхдүүд улирал бүр шүдээ үзүүлэхийг боддог. Харин манайд яаж байна вэ? Цэцэрлэг дээр эмч ирээд шүд үзсэн л гэдэг. Яг ямар байгааг нь, юу хэрэгтэйг нь хэн ч хэлж өгдөггүй. Манай хүүхэд шүдээ үзүүлсэн гэнэ гээд л маргааш нь мартана. Эрүүл ахуйн зөвлөгөө өгөх газар хайгаад ч олохгүй байна. Хүүхэд бие муутай, эсвэл туниа муутай байна гээд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авъя гэвэл очих газар байхгүй. Гурван настай хүүхэд тэгж гишгэнэ, буруу гишгэвэл ингэнэ шүү гээд зөвлөгөө өгчихдөг газар яагаад байдаггүй юм бэ? Хүүхэд зөв хооллож байна уу, үгүй юу хэнд ч хамаагүй. Дээрээс нь усанд сэлэх газар нэг ч алга. Ус хүүхдийг их сайн чийрэгжүүлдэг. Олон газраар явж үзсэн боловч бүх л бассейн 1,8 метр гүнтэй байх юм. Тэгэхээр би хүүхдээ тэврээд орно. Тэгэхээр яаж тоглосон болох юм бэ? Хүүхдийн жижиг усан сан байхгүй. Дээхнэ үед эмчилгээний амралтын газар буюу хүүхдийн сувилал байдаг байсан. Одоо байхгүй. Ажлынхаа амралтаар хүүхдээ авч очоод тараг, айргаар сувилуулах боломж байхгүй. Эрүүл мэндийнх нь хувьд хүүхдийг аваад үзэхээр хүүхэд урьдчилан сэргийлсэн юм нэг ч алга. Өвдсөн хойно нь хандивын тоглолт хийдэг. Энэ тоглолт үнэхээр бахархууштай, сайхан үйл хэрэг. Өвчтэй зовлонтой байгаа хүүхдийг аврахын тулд тоглолт хийж байна. Үнэхээр сэтгэл гаргаад дуучид дуулж байна. Их мөнгө цугларч байгаа нь сайхан. Иймэрхүү зүйл Германд лав байхгүй. Гэхдээ өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж юм нэг ч алга.
- Мэдээж үр хүүхдэдээ хайргүй хүн гэж байхгүй. Гэхдээ яаж хүмүүжүүлэх учраа олохгүй залуус олон байгаа. Хэтрүүлж байгаа зүйл нэлээд байна гэж та ярьж байсан.
- Эцэг эхчүүд хүүхэддээ хүссэн бүхнийг нь авч өгч байна. Тийм байж болохгүй ээ. Германд хүүхэд хүссэнээ авах эрх байдаггүй. Тэр хүүхэд хүсч байгаагаа авахын тулд мөнгөө цуглуулна, эсвэл тийм юм хийх ёстой гэсэн шаардлага байдаг. Тэгэхэд бид хүүхдээ эрхлүүлээд хүссэн бүхнийг нь авч өгдөг. Түүгээр ч зогсохгүй бүх үйлдлийг нь зөвшөөрч байна. Шөнийн 00 цаг хүртэл гадаа тоглохыг нь, гадуур зугаалгаар явахыг нь зөвшөөрч л байдаг. Сургууль дээрээ буруу зөрүү юм хийлээ гэхэд “Манай хүүхдийн зөв” гээд өмөөрөх нь элбэг. Хатуу барьж байна гээд хэтэрхий хатуу барьж болохгүй л дээ. Ажиглаад байхад заримдаа сургууль дээр хүүхдүүдийг номхон зогсоож байгаад дуулуулж байгаа харагддаг. Бүүр цэрэгжилтийн байдалтай. Ингэж хашиж, захиргаадаж болохгүй юм шиг санагддаг. Дээрээс нь манай ээж, аавууд хүүхдэдээ хэтэрхий их анхаарал тавьдаг. “Хүүе тэгж болохгүй шүү, ий уначих вий” гээд л... Ингээд байхаар хүүхэд бие дааж чадахгүй шүү дээ. Хүмүүжүүлж байгаа нь энэ гээд зодох, занчих нь элбэг. Германд хүүхдээ зодох л юм бол хүүхдийн эрхийн байгууллагууд хүрээд ирнэ. Тэр бүү хэл хоёр цагаас дээш гэртээ цоожлохыг хориглодог. Бүүр хуулийнхаа заалтаар. Үүнээс илүү хугацаагаар хараа хяналтгүй орхих юм бол хүүхдийн байгууллагын зүгээс тухайн эцэг эхэд хүүхдээ хүмүүжүүлэх эрхийг нь хасдаг.
- Тэгвэл дутааж байгаа зүйл ч ажилглагдаж байгаа байх...
- Эцэг эхчүүд нь үр хүүхэдтэйгээ харилцан тэгш эрхтэй байдаггүй. Хүүхэд л бол хүүхэд. Эцэг эх, гэр орны асуудалд оролцох эрхгүй гэж ханддаг. Хэзээ ч хүүхдээ хүндэлдэггүй. Найзыгаа дагуулаад гэртээ ирэхэд нь загнадагаараа загнаад л байдаг. Хүүхэд ч гэсэн хүний хажууд ичиж зовдоггүй юм шиг санадаг. Хүүхдээсээ үг сонсоно гэдэг ойлголт аав, ээжүүдэд байхгүй. Ээж аав л үг хэлэх эрхтэй юм шигээр боддог. Хааяа хүүхдийнхээ үгийг сонсоод “Нээрээ тэр үед ээж нь буруу үг хэлсэн байна лээ” гэж хэлснээр тэр ээжийн нэр хүнд муудахгүй л байхгүй юу. Гарч байгаа ихэнх асуудлыг хамтран шийддэггүй. Өнөөдөр эмээгийнх нь бие муу байлаа гэхэд гадуур дотуурх ажлаасаа тал хагасыг нь ч гэсэн хүүхдэдээ даатгачих хэрэгтэй. Угаалгын газар руу яриад өнөөдөр ээжийгээ очиж чадахгүй гэдгийг хэлчихээрэй гээд ч юм уу. Хүүхэд утасдаж энэ ажлыг амжуулчихаад өөрийгөө үнэлнэ, бас би энэ гэр бүлд эрх мэдэлтэй юм байна шүү гэсэн бодол төрдөг. Эцэст нь хэлэхэд гэр бүлүүд өөрсдийн тогтсон уламжлалтай байвал их зүгээр санагддаг. Хагас сайн өдөр хамт хооллодог, эсвэл сард нэг удаа хамт гадуур гарна гэдэг ч юм уу. Тэр өдөр нь ээж аав нь ямар ч байсан цаг зав гаргадаг. Уламжлал болсон юмаа алдахгүй байвал хүүхэд хүлээгээд, эцэг эхчүүд ч тэр хэрээр хүүхдэдээ цаг зав гаргадаг болно.
- Таны ярьж байгаа зүйлүүд иргэншлийн төвшнөөс хамаарч байгаа байх. Манайд гэр бүлийн харилцааг зохицуулсан хууль бараг байдаггүй. Байлаа ч хүмүүс мэддэггүй. Гэтэл хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн харилцаанд тодорхой зохицуулалт байх хэрэгтэй шүү дээ.
- Ганцхан жишээ авахад Германы иргэний хууль 1900 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу хүүхэд заавал халаасны мөнгө авах ёстой. Хэдий хэмжээний мөнгө өгөхийг эцэг эх шийднэ. Тодорхой хугацааны давтамжаар тодорхой хэмжээний мөнгийг ээж, аав хүүхэддээ өгөх ёстой гээд хуулиар заагаад өгчихсөн. Нэг өрхөд сард хүүхдийн мөнгө 220 еврог Засгийн газраас нь олгодог. Энэ мөнгө нь ээжийнх нь карт руу шилжчихнэ. Түүнийгээ эцэг эхчүүд хэрхэн хуваарилахаа мэддэг. Долоо хоног бүрийн даваа гаригт мөнгөө авах уу, сарын эхээр авах уу гэдгээ тэр гэр бүл өөрсдөө шийднэ. 5-9 настай хүүхдийн мөнгийг бэлнээр өгнө. 10-с дээш насны хүүхэд зохих хэмжээний мөнгийг өөрөө данснаасаа авах эрхтэй байдаг. Анги ахих тусам халаасны мөнгө нэг еврогоор нэмэгдэнэ. Хүүхэд халаасныхаа мөнгөөр юу авах нь тэдний л хэрэг. Хэзээ ч ээж, аав нь заахгүй. Цуглуулж байгаад том юм авна уу, эсвэл өдөр болгон бохь авч зажилна уу хүүхдийн л дур. Энэ жил эдийн засгийн хямралд хүүхдүүд өртөж байна гээд Засгийн газраас нэг хүүхдэд улиралд 100 евро нэмж олгох хууль гарсан байна лээ. Харин хүүхэд өөрийнхөө мөнгөөр хувцас авдаггүй. Харин эцэг эхчүүд сардаа нэг удаа хүүхдэдээ хувцас авч өгөх ёстой юм шиг бичигдээгүй хууль байдаг. Энэ сард нэг цамц, дараа сард пүүз гэх маягаар. Харин манайд байдал их хэцүү. Өнөөдөр кино үзэх гэж 5000 төгрөг аваад маргааш нь дахиад 1000 төгрөг өгөөч гэдэг. Ээж, аав нь “Чи ямар их мөнгө нэхдэг юм бэ? Өчигдөрхөн 5000 төгрөг аваа биз дээ” гээд л уурладаг. Тэр хүүхдэд чи долоо хоног бүрийн эхний өдөр 5000 төгрөг авна аа. Тэрийгээ яаж зарцуулах нь чиний хэрэг гэчих юм бол тэр хүүхэд яаж ийгээд зохицуулна. Ингээд хэвшүүлчихвэл сайн л хэрэг. Манайх хүүхдэдээ мөнгө өгч байна. сард 3000 төгрөг, улиралд 25000 төгрөг өгч байна. Гэхдээ энэ мөнгийг хүүхэд өөрөө зарцуулах ямар ч эрх байхгүй. Ээж, аав нь цуглуулж байгаад өөрсдөө юм авчихаж байна шүү дээ. Ингэж болохгүй.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
manaid germanii erh zuin togtoltsoo, huulichidiinh ni erh zuin handlaga shuud nolooldg gehed hetruuleg bolohgui bh,
teheer german erh zuin handlagtai bolj bga nad met ni tom bolj erh zuin hariltsaag ni deerh bichlegt bga shig bolgohiig huleeh hereggui bh l da
deerh zuiliig setgeleesee zohitsuulhad l bolh yum bna, zaaval zasgiin gazarin shiidver huleeh hereggui l de
Манайд ер нь л хүүхдийн гэх бүх зүйл дутагдалтай байна даа. Уг нь хүүхэд залуучуудын орон гэхээр дан хүүхэд, залуус байдаг улс гэдэг биз дээ. Уг нь байрны гадаа тоглоомын талбай, дүүрэг хороодод цэцэрлэгт хүрээлэн байвал ганцхан хүүхэд ч гэлтгүй томчууд ч очиж суугаад, ажлын алжаал стрессээ тайлдаг байж болох шүү дээ. Эмнэлэг л гэхэд бүхэл бүтэн улсын хэмжээнд ганцхан 3-р шатлалын хүүхдийн эмнэлэг байдаг гээд л олон зүйл байна. Хиймээр юм мөн ч их байна даа ард түмээн. Энд нэг нөхөр бас хийсэн юмгүй худлаа яриад л сууна