Амьдрал нэг л олсон дээр тогтдог
Байгалтай тэмцдэг, тэр ч утгаараа эрсдэл ихтэй уулын спорт эмэгтэй хүнээс ихээхэн эр зориг, тэсвэр хатуужил шаарддаг. 13 настайгаасаа эхлэн энэ спортод сэтгэлээ өгч өдгөө дэлхийн дээвэр Эверест, Африк тивийн ноён оргил Климанжорад мөрөө гаргаад ирсэн анхны монгол эмэгтэй Д.Эрдэнэтогтохыг “Хүмүүс” буландаа зочноор урьлаа.
- Яагаад уулын спортоор хичээллэх болсон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
- Аав маань уулын спортын мастер хүн. Дагаж явсаар энэ спорт руу орчихсон. Хамгийн анх 13 насандаа Цамбагарав ууланд гарч байлаа. Тэр үед зуны амралтаар ууланд гарна гэж бодолгүй, аавыгаа дагаж яваад л уулын оргил дээр гарч байсан. Тэр үед ямар сэтгэгдэл төрч байсныг одоо хэлэхэд хэцүү. Өдий болтол энэ спортоо орхилгүй явсныг бодоход төсөөлөшгүй сайхан байсан бизээ. Хүн нэг л удаа уулын оргил дээр гарах юм бол хэзээ ч зогсдоггүй. Дараа дараагийн оргилуудыг мөрөөддөг. Уулын спорт маш хүнд спорт. Тэр утгаар нь хүмүүс эрчүүдийн спорт гэж ойлгох тал бий. Гэсэн ч олон эмэгтэй уулчид дэлхийн дээвэр дээр гарч, эр зориг, тэсвэр хатуужлаа гайхуулж байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүний хийж байгаа бүх л зүйлийг хийж чадна, давж гардаг гэдгийг энэ спорт бэлхнээ харуулж байна.
- Спорт хүнийг бие бялдар оюун санааны хувьд хүмүүжүүлдэг. Тэгвэл уулын спортын давуу тал нь юу вэ?
- Уулын спорт бол багийн спорт. Спортын зарим төрлүүд зөвхөн хувь хүний амжилтаар үнэлэгддэг байхад багийн спорт хүний мөн чанарыг таниулдаг. Эрсдэл бэрхшээлийн дунд энэ хүн ямар хүн бэ гэдгийг нээж харуулдаг. Бэрхшээл тохиолдох тоолонд шантраад суугаад байж болохгүй. Зарим зүйл дээр удаан сууж шийдвэр гаргана. Ингэхээр уулын спорт хүнд тэвчээртэй, хүлээцтэй, тэсвэр хатуужилтай занг суулгаж өгдөг. Асуудлыг аль болох хүлээцтэй тэвчээртэйгээр зохицуулж сурдаг юм болов уу. Багийн спорт гэдэг утгаараа нэг нь уналаа л бол бусад нь эрсдэлд ордог. Бидний амьдрал нэг л олсон дээр тогтдог. Эвтэй л байж чадвал бид бүхнийг чадна гэдгийг л амьдралын гол зарчмаа болгож явдаг.
- Ууланд авирахын тулд маш их зоригтой, тэвчээртэй байх хэрэгтэй байх. Гэхдээ танд “За одоо болъё. Хэцүү байна” гэж бодох үе байв уу?
- Дэлхийн дээвэр Эверестэд авирна гэдэг нэр төр. Өндөр ууланд авирахад зориг зүрх хэрэгтэй, үүнийгээ дагаад эрсдэл ч их. Надад шантарч няцаж явсан үе бий. Нэг оргил дээр гарна, дахиад л нэг оргил угтана. Энэнийг яаж барна даа гэсэн бодол ч төрж байсан. Бүхэл бүтэн 65 хоног авирч байж сая нэг Эверестийн оргилд хүрсэн. Энэ хугацаанд цас мөсөн дунд хувцсаа ч тайлахгүй мешоконд унтаад л явна. Өглөө босч нэг нэгийнхээ царайг харж, өвдөж зовоогүй биз гэж асуугаад л дайралтандаа ордог. Бусад орны уулчид багийн гишүүн тус бүр өөрийн гэсэн тогооч, эмч, дасгалжуулагч гээд бүтэн команд авч явдаг. Ядуу орны зовлон их шүү дээ. Шантарч няцаж байлаа ч зорилгодоо хүрсэн үед маш их баярлаж, бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг.
- Мэдээж оргил дээр гарах мөч л хамгийн сайхан байх даа...
- Бусад спортын хувьд тамирчин ялалтынхаа эмоцыг маш хүчтэй илэрхийлдэг. Боксынхон рингэн дээрээ бүжиглэж хөөрдөг. Харин уулчид оргил дээр гарангуутаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж болдоггүй. Оргил дээр гарна, гарсныхаа дараа эрсдэлгүй бууна гэдэг бас нэг том даваа. Оргил дээр гарчихаад бүх ажил дууслаа, төгс төгөлдөр боллоо гэж тайвширч болохгүй. Цаана нь зорилгын маань 50 хувь хүлээж байгаа учраас. Амжилттай бууж ирсний дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж, ялалтаа тэмдэглэдэг. Оргил дээр гарсны дараа үгээр хэлэхийн арагагүй сайхан мэдрэмж төрдөг. Нэг авиралтаа дуусгаад л дараагийн оргилыг мөрөөддөг хүмүүс шүү дээ, уулчид бид.
- Дараагийн авиралтаа хэзээ хаана хийх вэ? Манайд уулын спорт хэр хөгжиж байна гэж та боддог вэ?
- Одоогоор нэг авиралт төлөвлөөд байгаа ч бүтэх эсэхийг нь сайн мэдэхгүй л байна. 2005 онд манай гурван залуу дэлхийн дээвэрт Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулаад ирснээс хойш энэ спортыг сонирхож байгаа залуусын тоо нэмэгдэж байгаад баяртай явдаг. Уулын спорт өртөг өндөртэй. Тэр болгоныг хувь хүн өөрөө гаргах боломжгүй. Ямар нэгэн авиралтаар гадагшаа явахад санхүүгийн дэмжлэг, спонсор хэрэг болдог. Климанжорад авирахад нэг хүнээс 6000 доллар, Эверестэд авирахад 37800 доллар шаардагдаж байлаа. Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар “Таван толгой” ХК гээд олон олон хүний туслалцаа дэмжлэгтэйгээр би өдий зэрэгтэй явна даа. Би өөрөө “Оюу толгой” төсөлд ажилладаг. Манай хамт олны зүгээс ч бас сэтгэл санааны болон санхүүгийн туслалцаа байнга үзүүлдэг. Эверестэд авирахад гарсан зардын 30 шахам мянган долларыг манай компани гаргасан.
- Шар айраг хамтлагийн ахлагч П.Ганхүү Климанжора ууланд аялаад ирсэн тухайгаа телевизийн нэвтрүүлэг болгон гаргасан.
- Климанжора уул авиралтын зургаан замтай. П.Ганхүү ахын явсан зам, биднийхээс өөр. Би саяхан интернэтээс мэдээ уншлаа. Зарим хүн иймхэн юман дээр гарч ирчихээд юун сүртэй юм бэ гэхчилэн бидний тухай бичсэн байна лээ. Бид уулыг басдаггүй. Уул л бол уул. Иймхэн юманд яваад байхдаа яахав дээ гэж хэлүүлэн хэлүүлэн явсны шалтгаан нь нэг тивийн ноён оргил дээр монголын уулчин бүсгүй гарах л байсан. Уулчин болгон тив тивийн ноён оргилыг эзлэх хүсэлтэй байдаг. Миний хувьд одоогоор Ази болон Африк тивийн ноён оргил дээр гарчихаад байна. Тэр уулын өндөр нам нь надад сонин биш. Тэгээд ч би мэргэжлийн уулчин биш. Сонирхогч. Нас нь байгаад бие нь хүрвэл хэд хүрсэн ч хамаагүй ууландаа авирна даа. Заавал оргил дээр гаралгүйгээр барааг нь алсаас ч гэсэн хараад хийморио сэргээгээд явж байх сайхан.
- Эверестэд гарсан хүнээс нэг асуулт асуулгүй өнгөрч боломгүй санагдаад байна. Хүн зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
- Би өөрөө эх хүн. Нэг охинтой. Орчин үеийн охидуудыг харахаар сэтгэл өвдөх зүйл их байна. Намайг жаахан байхад 60,70 настай хөгшчүүл л тамхи татдаг байсан санагддаг. Гэтэл өнөөдөр сайхан сайхан охид бүсгүйчүүд янжуурын утаа үлээгээд зогсож байх юм. Мөн хүн хүнээ хүндлэх, хайрлах сэтгэл дутаад байна уу даа гэсэн эмзэглэл ч төрдөг. Ер нь хүн эрүүл, тэгээд тухайн зүйлдээ дур сонирхолтой байх юм бол зөвхөн уулын спорт гэхгүйгээр аль ч төрөлд амжилт гаргах боломж залуучуудад бий. Ямар нэгэн зорилго тавиад тэр зорилгоо биелүүлэхийн тулд зүтгэвэл амжилтанд заавал хүрнэ.
- Та охиноо уулчин болоосой гэж боддог уу?
- Үгүй дээ.
- Яагаад?
- Ууланд явахын жаргал зовлонг өөрийнхөө биеэр үзсэн болохоор. Хэрвээ өөрөө хүсэх юм бол хорьж чадахгүй.
- Монголд аялал жуучлал, тэр тусмаа уулын спорт сонирхогчдыг цуглуулах боломж байна уу? гадны орнуудын жишиг энэ тал дээр ямар байдаг вэ?
- Африкийн ноён оргил Климанжора Танзани улсад байдаг. Амьдрал нь дорой буурай ч гэсэн тэд байгаль орчноо хайрлаж, онгон тагшнаар нь хадгалж чадсан улс юм билээ. Тэдний олон олон хүмүүсийн хоолыг залгуулж байгаа зүйл нь энэ уул. Манай багийн ахлагчаар Г.Өсөхбаяр, авирагчаар Баасанжаргал бид хоёр явсан. Гурван хүний бүрэлдэхүүнтэй манай багт л гэхэд найман ачаа үүрэгч, ахлах газарч, түүний туслах, тогооч Танзани улсын 11 хүн ажилласан. Биднийг байх тэр үед 31 орны багийн 120 гаруй хүн Климанжорад авирахаар очсон байсан. Тэгэхээр хэдэн хүн тэдэнд туслахаар ажиллаж, аж амьдралаа өөд татаж байгаа нь ойлгомжтой. Харин манайд энэ чиглэлээр цөөн тооны компани ажилладаг. Хэрвээ тэд иймэрхүү байдлаар ажиллах юм бол баруун аймгийн маш олон ажилгүй залуучуудад орлогын шинэ үүсвэр нэмэгдэнэ. Гадныхан манайд ирээд аль нэг оргил руу авирлаа гэхэд улсын төсөвт ч юм уу аймаг орон нутагт мөнгө өгдөггүй. Зөвхөн тухайн аялал жуучлалынхаа компанид л хэдэн төгрөг өгдөг байх. Эверестэд авирахад бид мөнгө төлсөн. Тэр мөнгө нь Төвдийн засгийн газарт очдог гэж байсан. Харин Климанжорад авирахаар Танзанид очиход хөтөч маань “Та бүхний төлж байгаа мөнгө манай улсын нэн ядуу хүмүүсийн эрүүл мэнд, боловсролд зарцуулагдана” гэж байсан. Тэгэхээр тэнд төрийн ямар нэг зохицуулалт байгаа нь харагддаг. Тэр ч утгаараа тухайн уулаа улсын хамгаалалтад авч, улсынхаа эдийн засагт нөлөөлөх нөлөөлийг маш сайн бүрдүүлж өгсөн байдаг.
- Бүсгүй хүний гардаггүй уул овоо гэж байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
- Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Тийм болохоор би авирах дуртай гээд дайраад байдаггүй. Тахилгатай бүсгүй хүн гардаггүй гэсэн ууланд авирдаггүй.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл:
Даанч одоо амьдарч байгаа хот хавтгай тал дээр. Нэг толгод олоод тун их баярлав . Өчигдөр гэхэд л тийшээгээ шөнийн авиралт хийгээд, мэдээж юу гэж бэлэн замаар гарах уу, заавал өөрийнхөөрөө шинэ зам нээх гээд эгц өөдөө гарчихсан чинь дундаа шавар луу лаг хийтэл орчдиймдаа. Гэхдээ гарсны дараа хотоо харахад тэнгэрийн од, хотын гэрэл 2 ямар гайхалтай зохицож байсан гээч. Зураг авсан чинь яг гоё гараагүй байна лээ. Аан тийм, хэлэх гээд байгаа санаа бол толгодыг ч гэсэн толгод гэж басаж болохгүй юм байна лээ
уулыг басаж болохгүй.