Цагаан хорноос цааргалъя
Ихэнх хүмүүс хоол цайныхаа давсыг их хийхгүй бол амтгүй байна гээд нэмдэг. Давсны найрлагын 40 хувийг сода буюу эрдэс бодис, үлдсэн 60 хувийг хлор бүрдүүлдэг. Хлорт нэгдлийг бидний бие организм өөрөө ялгаруулж гаргаж чаддаггүй аж. Давсанд натри хэмээх химийн элемент агуулагддаг бөгөөд энэ нь хүний биед шим тэжээлт бодисын тоонд орох боловч хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог байна. ДЭМБ-аас хүний өдөрт хэрэглэх давсны дундаж хэмжээг таван граммаар тогтоосон байдаг ч Монгол хүний өдрийн хэрэглээ нь түүнээс даруй гурав дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл өдөрт нэг хүн 15 грамм давс хэрэглэж байна. Давс нь өөртөө шингэнийг татдаг бөгөөд үүнээс үүдэн биед шингэн их хэмжээгээр хуримтлагдаж цусны даралт ихдэх, зүрхний ишеми буюу цус хомсдох өвчин, бөөрний өвчин үүсэх гол суурь шалтгаан болж өгдөг. АНУ-ын Айовогийн их сургуулийн эрдэмтдийн дүгнэлтээр давс сэтгэл сэргээх үйлчилгээтэй бөгөөд байнга их хэмжээгээр хэрэглэвэл донтуулдаг болох нь батлагджээ. Давс болон хар тамхиар угжиж байсан хулганы хэрэглээ байхгүй болоход тайван бус болж, ямар нэгэн зүйл хайж, ийш тийш гүйлдэж байв. Тархины бичлэг хийхэд тэрбээр маш их хямарч буй нь нотлогдсон аж.
Давсны хэрэглээний хоногийн зөвлөмж хэмжээ
Харгалзах нас |
Хоногийн зөвлөмж хэмжээний дээд хязгаар |
< 06 сар |
< 1 гр |
06 - 12 сар |
1 гр |
01 - 03 нас |
2 гр |
04 - 06 нас |
3 гр |
07 - 10 нас |
5 гр |
11 нас < |
< 6 гр |
/Нэг хоолны халбага давс - 6гр /
Цусны даралт ихсэлт: Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэдэг. Цусны даралт ихсэлт ямар ч насны хүмүүст илэрч болох бөгөөд манай улсын хувьд 15–64 насны дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй гэж судлаачид тогтоосон. Цусны даралт ихтэй хүн зүрхний өвчин, тархины цус харвалтад өртөх магадлал хэвийн хүмүүстэй харьцуулахад гурав дахин их байдаг. Зүрх судасны өвчин, тархины цус харвалт нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд давсны хэрэглээгээ багасгаснаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлж чадна гэж мэргэжлийн эмч нар үздэг байна. Хоногт хэрэглэх давсны хэмжээг 2.5 гр хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг дөрөв дахин буурна.
Насжилт: Нас ахих тусам давсны хэрэглээг бууруулж байх нь зүйтэй. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барих нь нас ахимаг хүнд зүрхний шигдээс, тархины цус харвалтаас сэргийлэх ач холбогдолтой. Ахмад настай, давсны хэрэглээ өндөртэй хүмүүс цусны даралт ихсэлт түгээмэл байдаг.
Ясны сийрэгжилт: Давс хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэнэ. Энэ өвчний улмаас яс хугарах, гэмтэж бэртэх эрсдэл нэмэгддэг. Ахмад настанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай.
Ходоодны хавдар: Давсны хэрэглээ өндөртэй улс орны хүн амын дунд ходоодны хорт хавдрын тохиолдол их байдаг болохыг тогтоосон. Монгол улсын хүн амын давсны хэрэглээ өндөр, судалгааны дүнгээр нэг хүнд өдөрт дунджаар 15 гр, бүс нутгаар харьцуулсан үзүүлэлтээр баруун бүс нутагт 17 гр орчим байна. Үүнээс гадна хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаар хорт хавдар орж, элэг, ходоодны хорт хавдар зонхилон тохиолдож байна.
Бидний хоногт хэрэглэж буй давсны 3/4 орчим нь “далд” буюу хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан давс, 1 / 4 нь “ил” буюу хоол хүнс бэлтгэхдээ нэмж хийдэг давс байдаг. Өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн давсны агууламж өндөртэй буюу “далд” давс ихтэй.
Хоёроос гурван долоо хоног давс огт хэрэглэхгүй байхад хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдэрч эхэлдэг. Иймд хэрвээ та давсгүй хүнс хэрэглэх боломжгүй бол давсыг хоол боловсруулах, чанаж болгох үед хийхгүй байх хэрэгтэй.
Давс ихтэй хүнс: Хиам, давсалж утсан мах, нөөшилсөн мах, загас, ногоо, даршилсан ногоо, цуу, чипс гэх мэт
Давсны хэрэглээгээ бууруулах арга
· Давсгүй цай ууж занших
· Хүнс, хоол бэлтгэхдээ давсны хэмжээг нь аажим бууруулах
· Давсны амтыг бууруулах зорилгоор хоолондоо чихэр нэмж бэлтгэхгүй байх
· Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах. Тухайлбал: Лаазалсан мах, шууз, давсалсан загас, европ бяслаг, утсан мах, хиам, нөөшилсөн ногоо, давсалсан амттан (самар) хэрэглэхээс татгалз.
· Лаазалсан загас, давслаг амтлагч болох жан, цуу, шар буурцагны болон улаан лоолийн сүмс зэргийн хэрэглээг хязгаарлах
Хоолны давсны хэрэглээг яаж багасгах вэ?
· Хоолыг бага зэргийн давстай идэх бөгөөд аль болох давс нэмэхгүй бай.
· Хоол чанах, амтлахдаа ургамлын гаралтай амтлагчууд, халуун ногоо хэрэглэ.
Үүнд:
· Халиар, жууцай, лаврын навч, гоньд, яншуй, чинжүү, хүнхээл, мангир, таана гэх мэт бусад төрлийн ногоон өнгөтэй амтлагчууд
· Аль болох шинэ ногоо хэрэглэх
· Нимбэгний шүүс, дарс, бөөрөнхий хар перец
· Загас болон төрөл бүрийн махыг чанахдаа өөр өөр төрлийн амтлагчуудыг хэрэглэ.
М.Гэрэлтуяа
Харин нэг юман дээр санаа нийлэхгүй байна. Ходоодны салст бүрхэчид багагүй хэмжээний Хлорт нэгдэл хэрэгтэй шдээ, үгүй бол ходоод чинь бидний идсэн уусаныг боловсоруулж чадахгүй, идсэн зүйл тэр чигээрээ буцаад гараад ирнэ ш дээ)