Би өөрийнхөө тухай...
Ажлын гараа
Манай сэтгүүлийн “Боловсролын инфляци” гэсэн дугаар таны гар дээр очоод удаагүй байгаа. Жинхэнэ инфляцитай боловсролоос өөрийнхөө халбаганы хэмжээгээр хутгаж аваад, шинэхэн дипломоо өвөртөлчихсөн, ёстой л будаг нь ханхалсан шинэхэн сэтгүүлч би ажлын гараагаа “Цаг төр, хүмүүс” сэтгүүлээс эхэлсэн. Ямар ч мэргэжлээр суралцаж төгссөн байлаа залуу хүн бүрийн дотор би л өөрчилж чадна гэсэн тийм оргилсон хүсэл байдагтай адил би ч гэсэн сэтгүүл зүйн салбарт өөрийнхөөрөө ажиллаж, орон зайгаа бий болгож чадна гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан. Одоо ч байгаа. Сэтгүүл гэхээр л гоё чамин зургаар дүүрэн, эсвэл ямар нэг чиглэлээр дагнасан байдаг гэсэн ойлголтыг минь няцааж чадсан болохоор нь энэ сэтгүүлд ажилд орно гэж өөртөө амлаж байлаа. Тэгээд ч долоо хоног тутам гардаг, миний бодож ч байгаагүй нарийн ширийн зүйлүүдийг багтаасан сэтгүүл маань ч шинэхэн байлаа. Редакц дээр ирэхэд хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Гантөмөр гэж сайхан инээмсэглэсэн бүсгүй намайг угтан авч “Яагаад манай сэтгүүлд ажиллахыг хүсч байгаа юм бэ, урьд нь хаана ажиллаж байсан” гэх зэрэг цөөхөн асуулт тавиад шууд л анхны даалгавар өгсөн юм. Цүнхэндээ байгаа дипломоо гаргаж ирээд харуулахын бөөн хүслэн байсан ч тэр хүн надаас нэхээгүй болохоор диплом чухал биш ажлаа хийж чаддаг, ажилдаа сэтгэлээсээ ханддаг байхыг онцолдог юм байна гэсэн бодол төрсөн юм. Энэ бодол маань ч буруу байгаагүй. Шинээр ирж байгаа хэнийг ч улаан, цэнхэр хавтасаар биш ажилдаа эзэн нь байх шаардлагыг тавьдаг юм билээ. Бодоод байх нь ээ тэр дипломон дээрх дүнг хэн ч тоож үзсэнгүй. Надад хэрэг ч болсонгүй. Анхны даалгавраа ямартаа ч даваад “Цаг төр, хүмүүс” гэсэн айлын нэг гишүүн нь боллоо.
Унших тусам яг намайг ...
Заримдаа би хэнтэй ч юу ч ярилгүй, дуугаа хураагаад суучихдаг муу зантай. Хүүхэд байхаасаа л аав ээжтэйгээ ярьдаггүй, том хүмүүс том хүнтэйгээ л ярьдаг, жижиг “хүнтэй” тэд ярих ёсгүй гэж бодож өссөнийх байх. Сэтгүүлчээр ажиллаж байгаа хүн хэлэмгий доломгой байхгүй бол болохгүй шүү гэж хэлэх хүн ч байдаг. Редакцийнхан цуглаж, ямар асуудлын талаар хавтасны сэдэв бичих вэ гэж ярих үед миний дотроо хадгалаад, шаналаад, нууж хаагаад байгаа зүйл маань бүх хүнд л байдаг юм байна шүү дээ. Гэтэл би ямар инээдтэй юм бэ хүнд ярьж чадахгүй бараг өөрөөсөө нуугаад гэж бодогддог. Амьдралд нэг хүний асуудал гэж байдаггүй бололтой. Хөрөнгө мөнгө, материаллаг зүйлд хошуурч байгаа өнөө цагт өөрөө өөртэйгөө, бас өрөөл бусадтай ярьж, сэтгэл санаагаа хуваалцаж, хамтаар амьдарч, бие биедээ тусалж, дэмжиж байх нь миний, таны бүгдийнх нь үүрэг юм байна гэсэн дүгнэлт гэхэд хаашаа юм нэг иймэрхүү зүйл боддог болоод байгаа. “Хайр гэдэг хамтын хөдөлмөр” сэдвийг ажилд орохоосоо өмнө уншиж байсан юм. Гарт баригдаж нүдэнд харагддаггүй тэр хайрыг “...Нэг сайхан сарнай цэцэг гэртээ авчираад тавьчихлаа. Услахгүй бол тэгээд л хатчихна. Хуримаа хийчихлээ. Одоо тэгээд сарнай цэцэг шиг услаж, дулаан, гэрэл гээд хэрэгцээтэй бүх юмаар нь хангаж өгөх, хоёулаа хайрынхаа төлөө хөлсөө дуслуулан хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол маргааш болоход өнгөө алдан гундана. Энэ бүхэн хүний сэтгэлийн асуудал....” гээд л бичсэн байлаа. Унших тусам яг намайг, миний амьдралыг хүн харж байгаад бичээд байгаа ч юм шиг, ёстой л голыг нь олоод хэлчихэж. Жирийн уншигчийн хувьд надад ийм мэдрэмж төрсөн. Харин одоо би сурвалжлагч. Өөрийн минь тархин дундуур татаад авч байсан шиг бичиж чадахгүй бол яанаа, хүнд буруу зөрүү ойлголт өгчих вий дээ гээд л санаа зовох юм захаас аваад л гарч ирнэ дээ. Долоо хоног бүрийн хавтасны сэдэв бичихэд олуулаа тойрч суугаад ярьдаг юм. Тал талаас нь өөр өөрийнхөөрөө ярилцаж, бас мэргэжлийн хүний тусламж авдаг. Анх сонсоод сүрдэж, яаж бичнэ ээ гэж боддог ч энэ бүхний дараа сэтгэл арай хөнгөрдөг дөө.
Ажил долоо хоногийн хэмнэлээр бужигнаад харвасан сум шиг өнгөрдөг. Сэдвээ яаж бичих вэ гэж бодож, зөвлөлдөж, заримдаа өөрөө ч учрыг нь олохгүй “төөрчих” гээд л... Хамгийн хүнд өдөр бямба гариг. Хүнээс ярилцлага авна, олж авсан мэдээлэлүүдээ эмхэлж цэгцэлнэ, буулгаж бичнэ. Хүн харахад нэг их амархан ажил хийгээд байгаа юм шиг хэрнээ болж өгөхгүй байх нь бий. Яаж гаргавал хүнд хүрэх бол, яаж бичвэл дээр вэ, уншууртай амттай юм хүнд өгчих юмсан гээд л... Ингэсээр байтал долоо хоногийн таван өдөр өнгөрчихнө дөө. Хичнээн сайн ярилцлага, сурвалжлага хийсэн бай зураг хөрөг нь муу, дизайн зохиомж нь тааруу байвал хүнд гологдох гээд байдаг. Сэтгүүлийн амин сүнс нь магадгүй дизайн, зурагт байдаг юм болов уу гэж боддог. Амьсгаа авч жаахан тайвширдаг нь даваа гариг. Сэтгүүл хэвлэлтээс гарч, гар дээр ирэхээр би энэ сэтгүүлийг хийхэд оролцсон шүү гэж бодоод нэг л гоё мэдрэмж төрөөд байдаг юм. Хааяахан үг үсгийн алдаа тууж явдаг. Ичмээр шүү.
Дараагийн “Хавтасны сэдэв”-ээр ямар асуудал хөндөх бол, “Хэрэглэгч” буланд юу нийтлэгдэх бол гэж уншигчид маань тэсэн ядан хүлээдэг, нэхдэг. Бүр тамхинд орчихсон юм шиг сэтгүүлээ тэсч ядан хүлээдэг гэж зарим нь хэлдэг юм. Тийм болохоор дутуу дулимаг зүйл хийчих вий, хурдхан сэтгүүлээ унших гэж яарч байгаа хүнд таагүй сэтгэгдэл төрүүлчих вий гэж эмээдэг. Хийж байгаа ажлаа амжилттай, сайн сайхан байгаасай гэж хүсдэггүй хүн байдаг гэж үү? Би ч гэсэн манай сэтгүүлийг олон хүн уншаасай, бидэнтэй санаа бодлоо хуваалцаасай гэж хүсдэг. Гэсэн ч юун сонин сэтгүүл уншихтай манатай, шар нар бор хоногийг аргацаан өнгөрөөдөг хүмүүс амьдрал дээр зөндөө бий. Улаанбаатарын талаас илүү нь хоногийнхоо хоолыг болгох гэж, өмсөж зүүхээсээ илүү гарахгүй явж байгаа. Хүмүүс өдөр тутмынхаа ажил, амьдралд түүртэж байхад долоо хоног бүр шинэ асуудал, шинэ сэдэв гарган тавих нь арай түргэдээд байна уу даа гэж нэлээд дээрээс манай редакцийхан ярьцгаасан. Тэгээд ч бид түргэн түүхий юм гаргамааргүй байна. Мэдээж дийлэнх уншигчдынхаа хүсэлтээр арав хоногт нэг дугаар гаргах нь зөв гэж шийдлээ.
Миний проблем таны проблем
“Эхнэр үү, амраг уу” гэсэн хавтасны сэдэв бичих даалгаврыг ажилд ороод удаагүй байхдаа авч, олон хүнтэй уулзаж ярилцах хэрэгтэй боллоо. Сурвалжлагч хүнд өдөр тутам хүмүүстэй уулзаж ярилцах, санаа бодлыг нь сонсдог. Хүний сэтгэлийн нарийн нандин, жаргал зовлонтой, нууцдаг зүйлийг мэдрэнэ гэдэг тийм ч амар хялбархан биш. Хүмүүстэй уулзаад ярихаар “Ямар сонин сэдэв бэ? Тэгж нээлттэй ярьж болно гэж үү” хэмээн хачирхдаг. Ярьж болдолг юмаа гэхэд нэрээ нууцлахыг хүсдэг. Зургийг нь тавих тухай дурсаад ч хэрэггүй. Амраг мамрагтаа ч байгаа юм биш. Ямар ч сэдвээр ярилаа гэсэн ав адилхан. Бид яагаад өөрсдийнхөө хэлж байгаа үг, бодож байгаагаасаа айж, ичих ёстой гэж? Ингэхээр нь сэтгэл нэг л гонсгор болоод, гэр лүүгээ хариад унтаад өгмөөр санагддаг. Би буруу юм яриад байгаа юм болов уу гэж хүртэл бодох үе бий. Бид анхнаасаа нийтлэл, ярилцлага бүртээ тухайн хүний зургийг нь тавья гэж хүсч байсан ч төдийлөн бүтэж өгдөггүй. Үүнийг гайхмаар, харамсмаар, өрөвдмөөр ер нь юу ч гэж хэлмээр юм бэ дээ... Чин сэтгэлээсээ илэн далангүй ярих зориг ямар бага байгаа юм бэ? Үнэхээр өөртөө байгаа проблемыг яриад, зургаа тавиулахаас татгалзахгүй тийм хүн гараад ирвэл би л лав шоолохгүй, харин ч хүндэтгэнэ гэж боддог юм.
Харин манай редакцийн хурал болгон дээр аливаа проблем хувь хүний, тэр тусмаа ганцхан хүний асуудал гэж байдаггүй тухай дахин дахин ярилцдаг. Яг үнэндээ тэр хүний ярихгүй, ярихыг хүсэхгүй байгаа асуудал надад ч, танд ч яг л “copy”-дчихсон юм шиг байж л байгаа. Танд тохиолдох, учрах зовлон жаргал, хажуу хөршид чинь, танд огт хамаагүй надад ч байдаг. Жишээ нь: Айл болгонд нэг архичин, эсвэл эрхээрээ “хатсан” нэг моньд байж л байдаг. Тэгсэн хэрнээ түүнийхээ тухай хэн ч ярихыг хүсдэггүй. Харин тэр асуудлыг ганцхан миний, манай гэр бүлийн проблем гээд яг таг итгэчихээд, бугшуулаад ярихгүй байсаар түүндээ итгэж ганцхан өөрийгөө “зовж” байгаа хүний дүрд тоглуулчихдаг. Аа бас телевизээр бид хорь гучин жил амьдарч байгаа ч бие бие рүүгээ муухай ч харж үзээгүй гэж ирээд л ярьдаг хүмүүсийг харахаар инээд хүрээд байдаг юм. Хүн л юм чинь уурлах, бухимдах үе зөндөө л гарна. Миний таньдаг эмэгтэйг нөхөр нь хардсанаасаа болоод ажил дээр нь харайлгаж очоод зодож л байсан. Та ч магадгүй ийм проблемтой өчнөөн хүн таньдаг л байх. Бид бүгдээрээ л монголчууд. Улаанбаатар нэртэй хотдоо утаагаа залгилж, замд бөглөрч, автобус хүлээн, уурлаж бухимдан, хүн л юм болсон хойно хааяа инээж хөөрөн амьдарч байна. Дотроо байгаа асуудлаа ярьж чадахгүй болохоороо уйлж дуулж, ууж идэн түр зуур ч гэсэн мартагнадаг. Би ч гэсэн тийм л байсан. Харин одоо хүнтэй илэн далангүй ярих, бас байж болох гарц хайх нь ямар их ач тустай болохыг мэдэж авсан. Тэгээд ч энэ бол ганцхан миний асуудал биш. Надтай адилхан олон хүнд би өөрийнхөө тухай, бодож явдагаа хэлснээр нэмэр болно гэдэгт баттай итгэж, тийм итгэлээр бичихийг хичээж байна.
Өнөөдөр бидний дунд нуугдаж байгаа шийдэл, гарах гарцаа олоогүй, хуримтлагдаж бугшсаар тэсрэх дэлбэрэхдээ хүрдэг түм буман асуудал энэ их бухимдлыг авчирч байна. Тийм болохоор бид ирэх жил ахиад олон зүйлийн талаар тантай ярилцаж, бичнэ, хичээнэ. Зургаа тавиулж, нэрээ хэлдэггүй юмаа гэхэд проблемоо ярих хүн гарч ирж, бидний хэлэх гээд байгаа зүйлийг бусдад хүргэхэд дэмжлэг үзүүлнэ байх гэдэгт итгэж байна. Та хэн байх нь сонин биш, таны проблем сонин.
Кармаа өрөө хөлслөлгүйгээр амьдралаа залгуулсан “хотын” хүн бараг байхгүй. Тэгсэн мөртлөө хэн ч энэ талаар ярьдаггүй. “Халааслуулж” амьдрахыг муухай, буруу, хэцүү гэж огт хэлэх гээгүй. Тэртээ тэргүй хүний амьдрал. Дутагдах, гачигдах, байх байхгүйн зовлон хэнд ч л байдаг. Найз хүүхнүүд цуглаж суугаад шавиагаа ханатал буу халахдаа л энэ асуудлыг ярьдаг. Өөр хэн халаасны өрөөнд “хоргодогсдыг” тоож байлаа даа. Сэтгүүлч Ё.Мөнхтуяагийн бичсэн “Халаасны өрөө” нийтлэлийн дараа уншигчдаас олон захиа, санал бодол ирсэн юм даг. Ганцхан жишээ хэлэхэд л энэ.
Уран донгодох уу, учрыг нь олох уу?
Их сургуульд хамт сурч байсан залуу саяхан таараад гайгүй ажил хийж байгаагаа ярьлаа. Ашгүй дээ, нэг нь ч гэсэн сэтгэл хангалуун амьдарч байвал болоо доо гэсэн бодлыг минь сарниан “Манай холбоонд элс. Тэгээд ганц нэг хүний пи арыг (PR) гайгүй хийчихвэл амьдрал чинь босоод л ирнэ” гэх нь тэр. Хэлээд байгаа холбоо гээч нь нэг намын дэргэдэх залуучуудын гэх тодотголтой байгууллага. Би хийж байгаа ажилдаа дуртай, тэгээд ч хүний эрхэнд жаргахаар, өөрийн дураар зов гэсэн үг байдаг даа Гэхдээ ийм амьдралыг сонгодог хүн байгаа болоод л надаас асуугаа биз. Хүн байтугай нийгэм нээлттэй байж хөгждөг гэж бид аль 1990 оноос л ярьлаа. Хэзээ бид жинхэнээсээ хүнтэй нээлттэй харьцаж сурах болоо? Хэн нэгнээс хамааралтай, аль эсвэл том хүчний эрх мэдэлд дулдуйдаж амьдрана гэдэг ерөөсөө боломжгүй үзэгдэл. Би авъяас чадвартай, түүнийгээ тордож чадсан хүн л сайн сайхан амьдарна, тэгээд хүн бүр өөрийгөө аваад явчихдаг бол тэртээ тэргүй хүмүүсийн харилцаа дээрдэж, наад захын асуудал дээр бухимдах нь багасч, нийгэм бүхэлдээ аятайхан болно гэж боддог. Харин энэ бодол маань иймэрхүү яриа хөөрөө, хандлагуудаас болж замхрах гээд байна. Манай нийгэм бүхэлдээ нам дагаж намирдаг болчихоод байна. Нам гэсэн модон дээр үүрээ засан өдлөхийг би хүсэхгүй байна. Надад, надтай адилхан олон хүнд өөрийгөө өөд уруу нь татаад, байгаа жаахан ч гэсэн авъяасаа өнгөлж зүлгээд сайхан амьдрах бололцоо байгаа гэдэгт би итгэдэг.
Эрүүл өөдрөг амьдрахын учир...
Ням гаригийн өглөө цонхон дор “Сүү аваарай, сүү аваарай” гэж хашгирах дуунаар сэрээд сайхан цай чанаж, тухтайхан цайлая гэж бодов. Өглөөд энэ хавиар сүү авчирч зардаг эмэгтэйг тойрсон хэдэн хүн сүүнээс нь амсаж үзэж байлаа. Чанарыг нь шалгаж байгаа юм байх даа. Түүхий сүүнээс малын өвчин халддаг гэж сонсож байсан болохоор би тэдэн шиг амталж, тамшаалах гэсэнгүй. Харин моторын тосны саванд сүүгээ савласныг хараад дэлгүүр зүглэлээ. Химийн бодисны савыг хичнээн цэвэрлэсэн ч бүрэн цэвэрлэгддэггүй. Хүнснийг заавал хүнсний зориулалттай саванд савлах ёстой гэж зөндөө сонссон. Гэтэл сүүлийн үед нөгөө “дэлгүүрийн” сүүг меламинтай гээд байгаа. Яалтай ч билээ. Өвөл болж байна. Эмээ рүү жаахан сүү хөлдөөж явуул гэж л захихаас.
Сэтгүүлийн материал яригдаж байхад нэг ийм яриа боллоо. Япончуудын дундаж наслалт 82 байхад биднийх 62. Хүний амьдралын хорин жил гэдэг тийм богинохон хугацаа лав бишээ. Тэгэхэд тэр хугацааг бид амсаж эдлэж чадахгүй байна гэхээр дургүй хүрэхгүй яах юм бэ? Гэхдээ хамгийн гол нь энэ дургүй хүрэлт бол өөрөө өөртөө л дургүйцэж байгаагийн илрэл. Өглөө гарахдаа өлөн зөлмөн гараад өдөржингөө ажил гэж дэвхцэж гүйгээд, орой нь найзуудтайгаа “шоудаад”, юу таарснаа хамаагүй идээд явж байхад яаж ная мая наслах юм бэ? Идэж уух, өмсөж зүүх, амрах, ажиллах, унтах, хэвтэх ч урт наслуулахад нөлөөлдөг гэдгийг их хожуу ойлгодог. Мэдсээр байгаа хэрнээ таарсан хоолоо идээд л яваад байгаа хүн дээ, би. Би л ганцаараа ингэж амьдраад байна уу гэвэл үгүй юмаа. Эрүүл өөдрөг амьдрахын төлөө л хүн бүр хичээх ёстой. Тийм учраас манай сэтгүүлийн нэгээхэн хэсэг эрүүл, өөдрөг амьдрах дадал хэвшилд зориулагддаг. “Бид юу иддэг вэ” хавтасны сэдвийг бичиж байхад монголчууд бид юу таарснаа иддэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байсан бол “Өнгө” сэдвийг бичиж байхад мөн л голдуу бараан өнгийг хувцас борлогддог тухай худалдагч нар ярьж байлаа.
Долоо хоногийн маань хоолны цэс бууз, хуушуур, шөл, цуйван гээд гайхуулаад хэлчихээр овоо нь гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Үхрийн махаар цуйван хийх нь дээр үү? Хониныхоор хийх нь зүгээр үү? Яг сайн хэлж мэдэхгүй л байна. Тэгвэл хоолыг яаж илүү амттай, шингэцтэй, гоё болгох вэ гэдэг энгийн юм шиг мөртлөө мэдэж баймаар зүйлүүдийг мэргэжлийн хүмүүсийн ярианаас сонсохоор их өөр бодол төрдөг. Япон хүмүүс өглөө юу идсэнийгээ бодож байгаад өдөр, оройн хоолоо зохицуулж сонгодог гэсэн. Зүгээр хөргөгчнөөсөө мах гаргаад, өчигдөр шөлтэй хоол хийсэн, за өнөөдөр нэг хуушуурдчихъя гэмээргүй л байна. Би чинь эрүүл, өөдрөг зөв амьдарч ная наслах хүсэлтэй байгаа хүн шүү дээ.
За тэгээд эрүүл саруул амьдрах тухай ярьж байгаа юм чинь өвчин эмгэгийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Хөдөлгөөний дутагдал, стресс бухимдал бас бус шалтгаанаас болж таргалж байна чихрийн шижнээр өвчлөх магадлал өндөр байдаг. Заримдаа хажууханд тэр өвчин гэтэж ирчихээд гэнэ алдангуут багалзуурдаад авах юм шиг мэдрэмж төрдөг. Өчигдөрхөн инээж ханиагаад явж байсан хүн маргааш нь нүднээс гарчихсан, сонсож дуулсан ч тоогоогүй явж байсан өвчнөөр шаналж байгаатай нэг биш удаа таарч байсан болохоор тэр байх л даа. Дээр нь төрсөн өдөр, тэмдэглэлт баяр ёслол, баасан гариг гээд ууж, идэж болох бүхнийг тэмдэглэн залуус архидаж байна. Уруудаж доройтлоо, унац сайтай наймаа хийлээ, шагнал гардлаа, шийтгэл зэмлэл хүртлээ гээд эр эмгүй архидаж байна. Үнэхээр сэтгэл зовох л ёстой асуудал. Яагаад хүмүүс архи ууж байна вэ, цаана нь юу нуугдан байна вэ. Энэ зүгээр л харагдах байдал. Архи уух өөр шалтгаан байж л байгаа. Өөдрөг амьдрахын тулд ядаж энэ зэргийн юмыг мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна. Тийм болохоор редакцийнхантайгаа нийлээд бичээд л байх хэрэгтэй болж байна.
Хаалттай сэдвийн хаалгыг онгойлгох
Хайр гэдэг дуусдаггүй, дундардаггүй мөнхийн сэдэв. Харин секс гэж юу юм бэ? Зүгээр л хүсэл тачаал уу, жинхэнэ халуун дотно харьцаа юу? Хүн болгон өөрийнхөөрөө л хариулах байх л даа. Пөөх ямар балиар юм ярьдаг юм бэ, энэ тэр гэж ам хамраа дардаг хүн харин ч цөөрчээ. Манай сэтгүүлд “Секс” гэсэн булан байдаг. Хүмүүсийн өдөр болгон ярьдаг “сонгодог” сэдвүүдийн нэг нь хайр. Тийм болохоор сексийн булан яагаад байж болохгүй гэж. Тэгээд ч эротик, порнографи талаас нь эрээ цээргүй юм бичээд байгаа биш. Нүүр нүүрээ хараад илэн далангүй ярилцаж чаддаггүй проблемыг бид мэргэжилтнүүдээс тусламж авч бичдэг. Надад ийм хэцүү проблем байна яахуу гэж утасдадаг уншигчиддаа бид энэ булангаа зориулдаг. Бодит амьдралаас урган гарсан асуудлуудыг бичих нь зүйтэй байхаа. Нэг зүйлийг мартах гэж байна. Гэр бүлээрээ сэтгүүлийг маань уншдаг нэг ах “Эротик маягийн зурагнууд битгий тавиарай. Хүүхдийн хажууд заримдаа нүүр улайх юм” гэж байсан. Наад зах нь хүүхэдтэйгээ хэзээ, хэдий хэр насанд нь бэлгийн харьцааны талаар ярилцаж эхлэхээ мэддэггүй улс шүү дээ, бид чинь.
Би ч та ч хэрэглэгч
“Хэрэглэгч та хаан” гэдэг үг яг л амттанд хорхойсох хүүхдийг эрээн цаастай чихрээр хуурахтай адил сонсогддог болжээ. Хэдийгээр би мөнгөө төлөөд бараа, үйлчилгээ авч байгаа ч хүний юмыг зүгээр дээрэмдээд авч байгаа юм шиг байдлыг худалдагч, үйлчлэгч нар үзүүлдэг. Өнөөдөр манайд барааны чанарыг тодорхойлдог газар алга. Тийм ч учраас өөрсдийнхөө бололцооны хэрээр нөгөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдгийн үлгэрээр “Хэрэглэгч” булангаа жиших харьцуулах маягаар бэлтгэж байсан. Өнгөрсөн зун ажлын эгч шинэ авсан байрандаа засвар хийх гээд бөөн юм болсон. Ямар гэрэл, хөшиг, ханын цаас сонгох вэ гээд л... Яг энэ тал дээр л бид хүмүүст туслах хэрэгтэй юм байна, мэддэг чаддаг хүмүүсээс нь туслалцаа хүсээд бичвэл “Хэрэглэгч” булан маань хүмүүст бүр ч хэрэгтэй болно доо.
Уншвал урагшилна
“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэсэн бичиг дунд сургуульд байхад самбарын дээр хадаатай байдаг байж билээ. Тэр нөлөөлсөн үү, эсвэл яасан мэдэхгүй би ном унших дуртай хүүхэд байсан. Харин одоо ажилдаа түүртээд байна уу унших зав олдохгүй л байна. Гэхдээ аль болох унших гэж, жаахан охиндоо чихэр биш ном авч өгөхийг хүсдэг. Нэг танил маань танайх баахан номны реклам тавиад байх юм гэж байна лээ, манай сэтгүүлийг. Би л лав реклам гэж боддоггүй. Надтай санал нийлэх хүн ч олон байгаа байх. Саяхны нэг дугаарт манай сэтгүүлийн захиалагч Одноо Шанхайн номын сангийн жирийн л нэг өдрийн зургийг авчирч өгсөн. Үнэхээр атаархмаар зурагнууд байсан шүү. Манайхан хэзээ тэгж номонд дурлацгаах бол... Таны гэр бүл, хүүхэд, ажил амьдралд хэрэгтэй номуудыг дугаар бүрээрээ танилцуулдаг. “Хүн зөв гольдролоор явбал үр дүн нь өөрөө өөрийгөө авч явах, асуудлаа бие даан шийдвэрлэх, амьдралын эрч хүчтэй бие хүн бий болоход хүрэх идэвхтэй, иж бүрэн, хэзээ ч үл төгсөх үйл явцыг боловсрол гэдэг” гэж эрдэмтэн Даниель Гейудеверт үзсэн байдаг. Тэгвэл энэ төлөвшлийг бид тухайн цаг үеийнхээ болон түүхэн, сонгодог зохиол бүтээлээс авч чадна. Тэртээ тэргүй манай боловсролын тогтолцоо дээрх үгэнд таарахаар боловсролыг олгож чадахгүй байгаа хойно. Олон номын танилцуулгыг танд хүргэж байсан цаашдаа ч шинэ сайхан номыг уншигч танд илүү дэлгэрэнгүй танилцуулж байх болно.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Баяр хүргий. чи шүү найзаа...
Хаалга* онгойно. ямартай ч урьд шөнө би үхээгүй бололтой, би амьд байна. хэрзгэр хавиргууд, унжсан хөх, шуугдсан нүүр, хөөж цойлсон гэдэс. Энэ бол миний ээжийнх. Надад хөх л байхгүй бусдаар түүнийг дуурайсан. Аавыг би хараагүй ээ. Хоёр хуваагдчихаад инээж байсан гэж хавийн анчид ярьдаг. Шооч хүн байсан биз. Манай нутагт шооч хүмүүс матарын хоол болох нь олон. Энд хэтэрхий халуун. Ялаа түүний ахан дүүс нүүрэн дээр далавчаа цэвэрлэнэ, аман дээр бөгсөө ээнэ. Түүнд аз дайрсан тэр махгүй. Үгүйсэн бол түүнийг ялаа биш хоол гэхсэн. Өлсөж байна. Үгүй ээ би цадахын жаргалыг мэдэхгүй тул өлсөхийг ч бас мэдэхгүй. Тиймээс би өлсөөгүй. Энэ бол зүгээр л тавилан. Уухсан цэрийтлээ уухсан. Андуурч байна архи бишээ зүгээр л ус. Цоргоор урсдаг гэж зүүдэлж ч үзээгүй үнэнээ л өчье. Ус өнгөгүй гэж үү. Харин энд бол ногоон. Үнэндээ би цэрийтлээ ууж үзээгүй. Тэгэхээр цэрийхийг ч бас мэдэхгүй. Энэ ч бас миний л тавилан.
Надад виза хэрэггүй. Энд онгоц ч байхгүй. Хувцас бүр ч хэрэггүй. Энд хэтэрхий халуун. Надад зөвхөн унд хоол л хэрэгтэй. Тэгэхээр би адгуус уу. Үгүй ээ надад сэтгэл байдаг. Би ээжийгээ өрөвддөг. Цадтал нь хооллохсон. Ядаж ганц шоппинг хийлгэхсэн. Эмэгтэй хүний жаргал тэр гэнэ лээ. Нээрээ энд дэлгүүр байдаггүй л дээ. Яг үнэндээ хаалга* ч байдаггүй юм. Би адгуус биш.
Хаалга онгойно.
... Надад итгэл алга. Нийгэм нэг л хуурмаг.
Надад мөрөөдөл алга. Сэтгэл нэг л хоосон.
Надад хүсэл алга. Ажилдаа нэг л дундуур.
Бодоод байхнээ....
...
Би хүн биш.
миний танил нэг сэтгүүлч эрч хүчтэй шударга,зөв бодолтой залуу байдаг байлаа.уулзалгуй байсаар хэдэн жилийн дараа нэг уулзахад тэр хун танигдахын аргагуй болсон байна лээ. мөнгөний төлөө бол юу ч хийхээр....тэгээд нэг тв-д нэлээд өндөр байр сууритай...хунийг энэ нийгэм ингэж эвдээд бна уу
харин надад авъяас нь ч алга, бас өнөөдөр би хооллох хэрэгтэй тиймээс суралцах гээд суух хугацаа алга хөгширч ч байна. дургүй ажлаасаа хөндийрч болохгүй байна. яваандаа бол дуртай дургүй хүссэн хүсээгүй нэг бол аятайхан юм эрхлэх, эс бөгөөс улсын гайгүйхэн местэн дээр наалдчихая гэсэн ахархан бодолтойгоор л сэтгэлээ услаж байна даа кк. ай залуу нас минь чи надаас бүү холдооч гэдэг билүү. ккк. хүүхэдтэй болохымсаан.
дуртай ажлаа хийж үзэхсэн... кк.
бодоод байхнээ. би уг нь урлагын хүн байвал зүгээр байсийм шиг байна лээ.
тайзан дээр олны нүдэнд... ккк...
олон хүн чам шиг сэтгэдэг бол монгол ямар хурдан өөрчлөгдөх бол. даанч өөрөөр сэтгэдэг үхэр монголчууд нь давамгай юм даа.