Хамгийн гол нь хариуцлага
Амьдралынхаа талаас илүүг хүүхэд залуучууд, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт зориулсан Ч.Сэрээтэр гуайтай дурсамжийн номоо хэвлүүлэхээр явж байхтай нь таарч, хэдэн хором хөөрөлдлөө. Тэрээр багшаас эхлээд боловсролын сайд хүртэлх албан тушаалыг хашиж байсан нэгэн юм. Дурсамжийн номондоо өөрийгөө төвийлгөхийг хүссэнгүй, зөвхөн өөрийн амьдарч байсан цаг хугацаа, өнгөрсөн үеийн түүхийг л хойч үеийнхэндээ хүргэхийг хүслээ гэж ярианыхаа өмнө өгүүлж байлаа.
- Та хэдийнээс Ардын боловсролын яамны сайдаар ажилласан бэ?
- 1951 онд МУИС-ийн төгсөөд сургуульдаа гурван жил багшилсан. Тэгээд гурван жил аспирантурт суралцаж, дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд лекц уншдаг байлаа. Ингэж явсаар намын төв хороонд Шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахыг хариуцсан хэлтсийн даргаар найман жил ажиллаад 1982 оноос зургаан жид Ардын боловсролын яамны сайд, дээд боловсролын хорооны даргын албыг хашсан. Энэ 14 жил миний боловсролын салбарт хамгийн ойр байсан үе.
- Тэр үед манай улсын боловсролын системд хамгийн чухал нь юу байв?
- Суралцагчдын идэвхийг дээшлүүлэх, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэгийг сайжруулах, сургууль эцэг эх, албан байгууллагын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх гэсэн гурван чиглэлд анхаарлаа хандуулж байлаа. Боловсролын чанарыг сайжруулах, багш нарын мэдлэг боловсрол, хүмүүжлийг дээшлүүлэхэд л хамаг анхаарлаа төвлөрүүлдэг байлаа. Багш, сурган хүмүүжүүлэгчдийг яаж сонгож авах, хэрхэн бэлтгэх асуудал руу анхаарлаа хандуулж байсан. Их сургуульд оюутнуудыг сургах, хүмүүжүүлэх, сурч байгаа зорилго, чиглэлдээ ухамсартайгаар суралцдаг байгаасай гэдэгт анхаарал тавьдаг байв. Мэдлэг боловсрол, хүмүүжил хоёр салшгүй холбоотой. Харин одоо хүмүүжилд анхаарахгүй байна уу даа гэж боддог. Хүний хүмүүжилд олон зүйлийг багтааж ойлгодог. Боловсролтой, соёлтой, ёс суртахуунтай, эх оронч, ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандах гэдэг хүмүүжилд багтдаг. Бүх шатны багш нарын мэдлэг, чадвар, ёс зүй, хариуцлагыг дээд зэрэгт хүргэсэн, тэр үед. Сайн ажиллаж байгааг нь шагнаж, урамшуулдаг, мууг нь засаж залруулж авдаг байсан. Багш нар монголын сэхээтнүүдийн дунд эзлэх хувийн жингээрээ хамгийн их нь. Боловсролын салбар шинэчлэл өөрчлөлт, цаг үеийнхээ зүйлийг их анхаардаг байсан. Үүний нэг нь 1980-аад оны сүүлээр ЗХУ-д шинэчлэлт өөрчлөлтийн талаах яригдаж эхлэхэд манай боловсролын салбарынхан цаг алдалгүй хүлээн авч, зөвлөгөөн семинар хийж байлаа.
- Тэгвэл та ажил хэрэгтээ ямар зарчмыг баримталж байв?
- Би ихэвчлэн удирдах албан тушаал хашиж байсан. Ажилдаа хариуцлагатай байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирсэн. Гэр орондоо, хувьдаа нэг тийм юм олоод авахсан гэж бодож байгаагүй. Сайдын ажлыг хүлээж аваад хөдөө орон нутгийн, тэр тусмаа сумдын сургууль, цэцэрлэгээр, мөн ТМС, их сургуулиудаар сар гаруй сар гаруй ажилласан. Яг газар дээрээ сурагчдын идэвх, багш нарын ур чадвар ямар байна, материаллаг бааз ямар байна гээд л... сайд хүн гэдэг өөрийн хариуцаж байгаа салбарынхаа сайн мууг бүгдийг нь мэддэг байж, ажлаа сайн хийх хэрэгтэй.
- Дурсамжийн номоо хэвлүүлж байгаа юм байна. Хувь хүний гэхээсээ илүү тухайн цаг үеийн түүхийг өгүүлдэг болохоор сонирхолтой санагдаж байна.
- Өөрийнхөө ажиллаж байсан салбарыг монголын хөгжлийн шийдвэрлэх салбар гэж үзэж ирсэн, үзэж ч байгаа. Энэ салбарт яаж ажилласан тухайгаа бичиж, хойч үедээ хэрэг болох юм үлдээе гэж бодоо энэ номоо бичсэн. Номондоо хувь хүн гэдэг үүднээсээ өөрийгөө дөвийлгөхийг чухалчилаагүй. Миний ажиллаж байсан үед боловсролын салбар ямар төвшинд байв, ямар өөрчлөлт гарсан бэ, юу бодож, хэрхэн ажиллаж байсан тухайгаа л бичсэн. Тухайн үеийн байдлыг үнэнээр нь өгүүлж, ямар нэгэн нэмэлт хачир, дутуу дулимаг зүйлгүйгээр, боловсролын салбарыг сонирхдог хүн тэр үеийн байдлыг энэ номоос хараасай гэж бодож бичсэн.
- Дурсамжийн ном гэхээр ихэвчлэн хувь хүн талаасаа их харагдаад байх шиг санагддаг.
- Орон зайн хувьд олон зүйлийг багтаахыг хичээсэн. Би 1936 онд бага сургуульд орсон. Мэдээ орох цагаасаа хойш ямар орчинд өсч өндийж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн тухайгаа бичсэн. Тухайн цаг үед манай ард түмэн хэрхэн аж төрж байв, үр хүүхэд, байгаль орчинтойгоо яаж харьцдаг байсан, амьдралаа яаж зохион байгуулж байснаас эхлээд цаг агаар, уур амьдсгал, мал ахуй гээд олон зүйлийг багтаасан. Намайг бага байхад жилийн дөрвөн улирал жам ёсоороо ээлжилж, тодорхой ялгагддаг байсан. Харин өнөөдөр өвлийн сар гарах гэж байхад хавар намар нь ялгагдахгүй ийм л байна шүү дээ. зээрний нуруу харагддаггүй байсан тал одоо оготно гүйсэн ч харагдахаар нүцгэрчихсэн байна. Тийм болохоор цаг хугацаа, ахуй байдлын талаар бичихгүй өнгөрч болохгүй.
- Гэр бүл, ханийнхаа тухай...
- Их сургуулийн эдийн засгийн ангид суралцаж байхдаа хэл бичгийн ангийн охинд хайртай болж, төгсөнгүүтээ гэр бүл болцгоосон. Ханьтайгаа 1948 онд танилцаж, 1951 онд гэр бүл болж, 52 жил хамтдаа амьдарч, дөрвөн сайхан хүүхдийн аав ээж болцгоосон. Хань минь хүүхдийн байгууллагыг үүсгэн байгуулахад гар бие оролцож, орь залуу насаа хүүхдийн байгууллага, хүүхэд хүмүүжүүлэхр ажилд зориулсан даа. Даруу хийж бүтээхийн төлөө төрсөн хүн байлаа. Одоогоос таван жилийн өинө нас барж, түүний минь үлдээсэн хүүхдүүд надад хань болж, би өдий зэрэгтэй явж байна. Ач, зээ нийлээд 10 гаруй хүүхэд байна. Тэл минь бүгдээрээ миний санасан ёсоор сургууль соёл төгсөж, ажлаас хойргошилгүй явж байгаад баяртай байдаг.
- Залуучуудыг их шүүмжилдэг. Та ч бас шүүмжлэх л байх даа.
- Монгол хүн хөгжиж байна. Би залуучуудын тухай муу үг хэлмээргүй байна. Өнөөгийн шинжлэх ухаан, техникийн хөгжил залуучуудад сурч боловсрох бүхийл боломжийг нээлттэй олгож байна. Мэргэжил, мэдлэг боловсролыг залж жолоодох төрийн цэгцтэй бодлого дутагдаж байна. Би энэ дутагдлыг залуучуудад нялзааж чадахгүй. Манайд олон их дээд сургууль байна. Энэ сургуулиудын бэлтгэж байгаа мэргэжлүүд улс орны хөгжилтэй нийцэж байгаа нь цөөхөн. Хичнээн инженер техникийн ажилчин хэрэгтэй юм бэ гэсэн нарийн тооцоо байхгүй. 10, 20 жилийн дараа ямар нарийн мэргэжлийн техникийн ажилчин хэрэгтэй юм бэ гэдгийг нарийн тооцож, тэр чиглэлээр сургууль бий болгох ёстой. Сүүлийн үед үйлдвэрлэл хөгжүүлэх талаар их ярьж байна. Тэрнийг хэн хийх юм бэ?