Таашааж, тааруулж хэрэглээрэй шар айргийг...
16-р зуунд шар айргаар зарим төрлийн өвчнийг анагаадаг байж. Харин Европчууд 18-19-р зуунд эмийг усаар биш шар айргаар даруулж уудаг зуршилтай байсан нь аюулт холер өвчин тусахаас сэргийлсэн гэсэн яриа байдаг. Шар айраг нь натурал усан үзмийн дарсны адил микроб, вирус устгах чадвартай аж. Нэг сонирхолтой түүх сөхөхөд эмчийн зөвлөгөөгөөр Арнольд Шварценеггерын ээж нь хүүдээ бага зэрэг шар айраг уулгадаг байж. Үүний үр дүнд хүү нь өвдөх нь багасч, бадриун, өсгөлүүн бие бялдартай болсон гэдэг. Шар айрагнаас өөр ямар ч төрлийн ундаа бие организмаас илүүдэл хортой хөнгөн цагааны давсыг гадагшлуулж чаддаггүй байна. Хэрвээ усанд орохдоо ваннтай усандаа хагас литр шар айраг хийвэл хөлс их ялгарахаас сэргийлж чадна. Шар айрагны уураар биеэ утахад арьсанд тустай байдаг. Хөлбөмбөг, гольф тоглосны дараа шар айраг уух нь шингэнийг нөхөж, биед тустай хэмээн Испанийн эрдэмтэд нотолсон байна.
Шар айрагны нэг сөрөг нөлөө нь согтоох. Шар айраг ууснаар ходоодны шүүс ялгарах процесс эрчимжиж, бие организмд үйлчлэх алкоголийн нөлөөг нэмэгдүүлдэг. Шар айраг согтууруулах чанар бага, хийжүүлээгүй ч этилийн спиртийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Зарим хөөстэй ундааны согтууруулах чанар 10-14 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл, лонх шар айраг уусан бол 50-100 гр архи уусантай адил юм. Өдөр бүр ходоод, гэдсээ исгэгч бодистой согтууруулах шингэнээр дүүргэх нь эдгээр эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхын аргагүй. Шар айраг салстад маш хүчтэй цочрол өгч хордуулна. Үүний сацуу хөөстэй ундааг байнга уухад ходоодны хананд байрладаг, ходоодны шүүс ялгаруулдаг булчирхайнууд эхлээд их шүүс ялгаруулж байгаад дараа нь хатингаршдаг. Үүнээс болж хоол боловсруулалт дутуу явагдаж, шингэлт нь удааширч, муудна эсвэл дутуу боловсруулсан чигээрээ гэдэс рүү орно. Ингээд өтгөн хатдаг болж, ходоод үрэвсэнэ. Дашрамд хэлэхэд, согтууруулах ундаанаас үүдсэн үрэвсэл биеийг ерөнхийд нь сульдааж, сэтгэл санаа өөдрөг бус болгож, ажиллах чадвар буурч, аманд төмөр амтагдаж, гашуун оргин, гэдэс өвдөж, аюулхайд хүнд оргино.
Шар айраг уух дүрэм
Дээд зэргийн таашаал авахын тулд түүнийг том том балгаж уух хэрэггүй. Тайвнаар гурав балгахад хангалттай. Эхний балгалтаар талыг нь уу. Дараагийнхаар үлдсэн айргийн талыг, харин гурав дахиар нь үлдсэнийг нь уудаг. Хамгийн хямдхан, зөөлхөн шар айраг ууж байлаа ч гэсэн хөлдөөгчинд бус мөсөнд хөргө. Жинхэнэ шар айргийг зориулалтын сав, шилэн аяганд хийж уу. Лаазны төмөр амтыг мэдрэхгүйн тулд аягаар нь уух нь зүйтэй. Шар айргаар бариад суугаад байх нь зохимжгүй. Гар нь барьсан шингэнээ дор нь халааж орхидог. Бүлээсчихвэл ямар ч шар айраг “угаадас” болдог. Хэрвээ та олон үндэстний хоолонд дуртай бол тэдгээрийг зохих үндэстнийх нь пивоор даруулж байгаарай.
Шар айргийг өөр төрлийн ундаатай хольвол мууддаг. Бөөрөлзгөний шүүс, сироп, амтлах бодис, коньяк, ром, виски нэмж хийх эсвэл дарсаар шингэлэхийг хориглодог. Иймэрхүү хольцтой шар айраг дэндүү хатуу, толгойд гарч мэднэ. Хоёр өөр төрлийн эсвэл өөр хэмтэй шар айргийг хольж болохгүй. Тэгвэл амт, найрлагын тэнцвэр алдагдана. Шар айраг бол ер бусын шинж чанартай, онцгой цэвэр, хольцгүй ундаа. Элдэв юм хольсноор түүний жинхэнэ чанарыг алдагдуулдаг. Уухын өмнө тааруулж хөргөвөл амттай болдог. Ширээн дээр тавьж буй шар айргийн хамгийн тохиромжтой темпратур 6-8 хэм. Ямар ч байсан 10 хэмээс хэтрэх, эсвэл таван хэмээс буух учиргүй. Хэт хөргөвөл шар айргийн амт, үнэр алдагдана. 10 хэмээс дээш бүлээсгэвэл шар айрганд маш түргэн тунадас үүсч, амт үнэрийн хамгийн чухал нэгдлүүд ууршдаг. Шар айргийг огцом хөргөх, тухайлбал лонхтой нь хөргөгчинд хийх, эсвэл хэт түргэн халаахыг цээрлэ.
Сонирхолтой тоо баримтууд
· Манай улсад нэг хүнд жилд 20 литр орчим шар айраг ногддог бол ОХУ-д 27 л, Германд 146л, Англид 120 л, Чехэд 160л, Ирландад 140 л, Данид 120 л, Австрид 120 л ногддог байна.
· Герман улсад болдог “Octoberfest” шар айрагны баярт жил бүр дунджаар зургаан сая зочин оролцдог. Жил бүрийн энэ 16 өдөрт дунджаар таван сая литр шар айраг хүмүүсийн амны цангааг тайлдаг.
· 1541 онд Баварын герцог Вильгельмийн ордны эмийн санч Иоганн Заугфрус “Шар айрагны тухай судар” хэмээх гарын авлага гаргасан бөгөөд түүндээ хөхийг чанга аятайхан болгохын тулд цээжээ шар айрагны хөөсөөр арчиж бай гэж зөвлөжээ. Харин саяхан Германы судлаачид бүсгүй хүний бие галбирын талаар иж бүрэн судалгаа явуулахад үнэхээр Баварын бүсгүйчүүд бусад мужийнханаас илүү том, чанга хөхтэй байдгийг баталжээ.
· Дэлхий дээр шар айрагны хамгийн том аяга Малайзын нийслэл Куала Лумпурт бий. Түүнийг 1985 онд хийсэн бөгөөд өндөр нь 198,7 см, багтаамж нь 2796 литр аж.
· Шар айраг нь хамгийн эртний согтууруулах ундаа. Түүний тухай анхны баримт МЭӨ IV-II зуунд одоогийн Ирак улсын газар нутаг дээр оршин тогтнож байсан Шумерийн үед хамааралтай гэж түүхчид үздэг байна. Тэр үед шумерүүд шар айргаа “сикару” гэж нэрлэдэг байжээ.
· Нью-Иоркийн төмөр замын албан хаагч Жон Милкович бүтэн хорин жил шар айрагны лааз цуглуулан, хавтгайлж гишгээд, гэрийнхээ гадна талын ханыг бүрэхэд ашиглажээ. Жон гэрээ “гоёход” нийтдээ 50 мянган лааз хэрэглэсэн байна. Долоон жилийн өмнө тус хотын эрх баригчид “Шар айрагны лаазаар барьсан байшинг” музей болгохоор шийдэж, түүнийг Милковичийнхаас худалдан авчээ. Музей үзэх тасалбар нэг доллар.
· Дундад зууны үед Европт дэгдсэн аймшигт тахалд шар айраг исгэдэг ажилчид огт нэрвэгдээгүй байна. Учир нь тахлын савханцарууд шар айрганд ормогц хэдэн цаг болоод үхдэгээс өвчин газар авалгүй дарагддаг байсантай холбоотой байжээ.
Шар айргаар өөрийгөө “гоё”
Гоо сайхны зориулалтаар шар айргийг бүр эрт дээр үеэс ашигласаар ирсэн. Гэрийн нөхцөлд шар айрагтай ваннд орсноор биеийн арьс зөөлрөхөөс гадна бага зэргийн стрессийг тайлахад дэмтэй байдаг. Мөн өндөгний шар болон шар айрагтай бигнүүрийг нүүрэндээ тавихад арьсыг цэвэрлэж, жижиг үрчлээг арилган толийлгох үйлчлэл үзүүлдэг байна. Хэрвээ таны бэлтгэсэн өндөгтэй шар айраг шингэдээд байвал бага зэргийн гурил эсвэл төмсний цардуул хийгээд хутгахад өтгөрнө. Нүүрэндээ бигнүүр тавих зорилгоор шар айрагны хөөсийг ч ашигладаг. Мөн үс арчилгаанд ч хэрэглэж ирсэн. Тэр тусмаа хагийг арилган, үсийг эрүүлжүүлж, өнгөлөг зөөлөн болгодог юм.
Стандарт уулт гэж юу вэ?
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн нэг болох архины хэрэглээний судалгаанд “Стандарт уулт” гэсэн ухагдахуун гарч ирсэн юм. Энэ нь этилийн спиртийн хэмжээг хялбар тооцох арга гэсэн үг юм.
· Нэг лааз шар айраг /330 мл, 4,5%/-ын этилийн спиртийн хэмжээ нь 10 гр
· Дарс, ликёр нэг хундага /100-120 мл, 12,5%/-ын этилийн спиртийн хэмжээ нь 10 гр
· Цагаан архи нэг хундага /50 мл, 40%/-ынх 10гр
· Нэрмэл архи нэг аяга /100 мл, 15%/ нь 10 гр гэх мэтээр этилийн спиртийн хэмжээг нэг стандарт уулт гэж тооцдог бөгөөд долоо хоногт эрэгтэй хүн таван стандарт, эмэгтэй нь дөрвөн стандарт архи болон согтууруулах ундаа уувал хэвийн хэмжээнээс хэт их гэж үздэг.
Шар айрагтай загас
Орц: Нэг кг загасны гол мах, 100 грамм гурил, 200 млшар айраг, нэг ширхэг өндөг, давс, ургамлын тос,
Бэлдэх арга: Гурил, шар айраг, нэг хоолны халбага ургамлын тосоо хольж сайтар хутгана. Загасны гол махаа хүний тоогоор зүсээд давсалж, гуриланд өнхрүүлээд шар айрагтай зуурмагтаа зүсэм зүсмээр нь дүрж ургамлын тосонд шарна. Гадна тал нь шаргалтаад ирэхээр эргүүлж шарна.
Шар айрагны сүмс
Орц: Нэг стакан шар айраг, 100 мл бульон, нэг стакан цөцгийн тос, нэг халбага гурил, хоёр ширхэг өндөгний шар, давс, сахар, нэг халбага нимбэгний шүүс, шанз
Бэлдэх арга: Гурилаа цөцгийн тосонд шаргал өнгөтэй болтол хуураад бульондоо хийнэ. Дээр нь шар айраг, шанз, сахараа нэмж сүмсээ чанана. Гал дээрээс авч, нимбэгний шүүс, цөцгий, өндөгний шараа хийсний дараа халааж болохгүй. Тахианы махан хоол эсвэл шөлтэй хамт өгнө.