Боодол цайг мөнгөний оронд хэрэглэж байжээ
Боодол цайг мөнгөний оронд хэрэглэж байжээ
МЭӨ 2737онд Хятадын эзэн хаан Шен Нан санамсаргүйгээр цайг нээсэн гэдэг. Тэрээр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэндээ буцалсан ус уугаад сууж байтал хажуугийн бутнаас навч хийсэн аяганд нь оржээ. Навч буцалсан усыг хандлан, эргэн тойронд сайхан үнэр түгээхийг анзааран, ууж үзтэл сайхан амттай болсон байж. Ингэж л цайг анх нээсэн бөгөөд амны цангаа, алжаал ядаргааг тайлж, нойр сэргээдэг гэж үнэлдэг.
Японд цай бэлтгэх аргыг 552 онд буддын лам нар зааж байсан байна. Тэд цай бэлтгэх аргыг шашны хүндэтгэл гэж үздэг байсан аж. 618 оноос хойш худалдааны бараа болсноор барахгүй нийгмийн бүхий л давхрагын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болжээ. 1662 онд Английн хоёрдугаар Карл хааны ордонд албан ёсны цайны тухай хичээл зааж байсан төдийгүй тэр нь Европын олон оронд дэлгэрч улмаар худалдааны нэг чухал бараа болох үүд хаалгыг нээсэн гэдэг.
Дундад Азид цай нь үнэтэйд тооцогддог байв. Тиймээс боодол цайг мөнгөний оронд хэрэглэж байсан байна. Европт худалдаачид халуун буулгагч, гэдэсний өвчинг намдаагч эм гэх мэтээр ойлгуулан зарж байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам цайг сөргөөр үнэлсэн байх нь ч бий. Францын физикчид цайг хэт их уувал анхаарал төвлөрөхөө больдог гэж үзсэн байна. Англид цай уух уламжлалт ёс бий болсноор гэрийн эзэгтэй нар гэрийн ажил үүрэгтээ хүйтэн хөндий хандах болсон гэх юмуу, эдийн засагчид ажлын цагаа цай уусаар өнгөрөөж байна гэж үзэх нь ч бий.
Цайны ид шид
Зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэр ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Хятадын уламжлалт анагаах ухааны үзэж буйгаар, идэр залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг, ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай.
Өдөрт хоёр аяга цай уух нь зөнөгөрөл болон альцгеймерийн өвчин тусах эрсдлийг 55 хувиар, зургаа юмуу 10 аяга цай уудаг хүмүүс 63 хувиар бууруулна. Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж тус өвчнөөс сэргийлэх “дархлаа” тогтоодог байна.
Бохирдсон арьсыг хурдан, сайн цэвэрлэе гэвэл хамба шарилж буюу балжингарам цэцгийн хандаар бэлтгэсэн цай хамгийн тохиромжтой. Эл цайны хандаар нүүрээ байнга шавшихад арьс цэвэрхэн болохоос гадна уян хатан болно. Бас үрчлээнээс хамгаална. Нүүрний тань арьс мэдрэмтгий бол хамба шарилж цэцгийн хандыг халуун усанд хийгээд толгой дээгүүрээ алчуур нөмөрч уураар нь ут. Хамар битүүрч, хоолой сөөх үед гурван дусал гавар хийгээд утвал бүр ч сайн.
Өдөржин алхаж, эсвэл удаан хугацаагаар зогссон бол орой унтахаасаа өмнө бүлээн хар цайнд хөлөө дүрж, эрээн булчингаа шавшвал цусны эргэлт сайжирна. Мөн хөлийн судас бүдүүрэх, тархины даралт ихсэх шинж илэрвэл оройд бүлээн хар цайгаар хөлийнхөө булчинг шавшаарай. Хөл тань амрахаас гадна сайхан унтаж амарна. Өглөө босоход зовхи тань бүлцийж хавдсан байвал хар цай болон байхуу цайны шаараар 15 минут жин тавиарай. Энэ нь зовхины хаванг бууруулахаас гадна булчинг сулруулж, нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг сайн талтай.
Илүүдэл жингээс ч санаа зоволтгүй
Эрүүл мэндэд тустай дадал зуршлыг хэвшүүлснээр та эрүүл байж, илүүдэл жингээс ч санаа зоволтгүй байх боломжтой. Миннисота их сургуулийн “Eat” хөтөлбөрийн эрдэмтдийн баг нэгэн сонирхолтой судалгааг хийгээд байна. Тэд өглөөний цайгаа тогтмол уудаг, тогтмол уудаггүй гэсэн хоёр бүлэгт хүмүүсийг хуваан таван жилийн турш тэдний бие, эрүүл мэндийн үзүүлэлтэнд анхаарал хандуулан судалжээ. Ингэхэд өглөөний унд тогтмол уудаг хүмүүсийн биеийн жин хэвийн хэмжээнд, бие махбодын үзүүлэлт ч сайн байсан бол тогтмол өглөөний унд ууж амждаггүй эсвэл ингэж дадаагүй хүмүүсийн ихэнх нь илүүдэл жин, хоол боловсруулах эрхтний асуудалтай байсан байх юм. Энэ нь ялангуяа өсвөр насныханд илүүтэй ажиглагдаж байсан байна.
Судалгааны багийнхан хэлэхдээ “Өглөөний унд бидний биеийн жингийн зохицуулалтанд онцгой нөлөө үзүүлж байдаг. Түүнчлэн бүтэн өдрийн турш таныг энергиэр хангах гол тэжээл болохоор өглөөний ундандаа ач холбогдол өгөх хэрэгтэй. Ялангуяа өглөөний унд тогтмол ууж хэвших нь өсвөр насныханд нэн шаардлагатай байна” гэжээ. Хэрвээ та өглөөнийхээ ундыг ууж амждаггүй бол өглөө босох цагаасаа ердөө л 20 минутын өмнө босоход халуун цай ууж, бэлдсэн хүнсээ тайван идээд гарах хангалттай хугацаа танд бий.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:




