П.Шагдарсүрэн: Халхын голын дайн тусгаар тогтнолын төлөөх ариун дурсамж мөн
Нас сүүдэр 90 гарсан энэ буурай одоогоос 70 шахам жилийн өмнө 21 настайдаа эх орон, элгэн садныхаа төлөө нойр хоолгүй байлдаж явсан. Халхын голын дайн, хамтран зүтгэж явсан нөхөд, түүхэн хуудаснаа үлдсэн тэр он жилүүдийг дурсахдаа нүүрэнд нь залуугийн жавхаа тодорч, инээмсэглэн сууж, эгээ л цэл залуу цэргийн дарга шигээ цогтой харагдана.
- Энэ зургийг хэзээ авахуулсан, ямар учиртай зураг вэ гэсэн асуултаар яриагаа эхэлье.
- Би 1939 онд Халхын голд Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар хорооны штабын дарга байхдаа зөвлөлтийн сургагч М.Солодовников гэдэг хүнтэй хамт авахуулсан зураг байгаа юмаа. Энэ зургийг манай алдартай кино оператор Д.Дэмбэрэл авч байлаа. Би 21 настай, цэргийн ерөнхий сургууль төгсөөд, штабын даргаар томилогдон ажиллаж байсан үе.
- Халхын голын дайнд оролцож байсан хүмүүсээс одоо энх тунх хүн хэр олон байгаа вэ?
- Халхын голын дайн болоод 70 жил өнгөрчээ. Миний хороонд байлдаж явсан нэрийг нь мэдэхгүй зарим нэг офицер амьд байдаг. Манай хорооны дарга улсын баатар Л.Дандар, комиссар Д.Балдансүрэн гээд олон сайхан хүнтэй хорооны штабт хамт ажиллаж байсан. Одоо тэр хүмүүс бүгд өөд болсон. Би энэ дайн дууссаны 70 жилийн босгон дээр амьд сэрүүн, ингээд яриад сууж байгаадаа баяртай байна.
- Тэр цаг үе хэдийгээр дайных ч залуу насны сайхан дурсамжууд олон байх. Түүнээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
- Тэр дайн эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж, харийн дайсны эсрэг тэмцсэн халуун өдрүүд байлаа. Хэдийгээр 70 жил өнгөрсөн Халхын голын дайнд би ЗХУ-ын улаан арми, домогт жанжин маршал Г.К.Жуковын командаар, маршал Х.Чойбалсан, баатар Лхагвасүрэн нарын удирдлагын доор дайны хэцүү цагийг туулж, ялалт байгуулсандаа баяртай байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл болсон Монголын хил дээрх энэ дайнд хоёр талаас ихээхэн цэрэг, тухайн үеийн хамгийн дэвшилтэт техник, цэргийн зэвсэг орсон. Олон сайхан хөвгүүд баатарлагаар байлдаж, бидний олон сайхан нөхөд тэр дайны талбарт амь үрэгдсэн гашуун үнэн байлаа. Дөрвөн сар үргэлжилсэн энэ байлдаанд Монгол ЗХУ-ын цэргүүд Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж үнэхээр түүхэн ялалт байгуулсан. Энэ дайнд Зөвлөлтийн улаан армийн тусламжгүй, зөвхөн монголын арми орсон бол их хүнд хохиролд орох байсан.
- Та хэдэн тулаанд орсон бэ?
- Цэрэг дайны хамтын удирдлагыг жанжин Г.К.Жуков удирдаж, түүний орлогчоор манай жанжин Ж.Лхагвасүрэн ажилласан. Тэдний шууд удирдлага, командын доор бид дайны үйл явцад оролцож байв. Хамгийн анхны тулаанд Монгол ардын хувьсгалт цэрэг 1939 оны тавдугаар сарын 28-нд орсон. Тэгэхэд ЗХУ-ын цэргийн тэргүүн анги дөнгөж Тамсаг булагт ирж байсан. 28-ны тулалдааны дараа Баянцагаанд том тулаан болсон. Үүнд зөвлөлтийн арми гол үүргийг гүйцэтгэсэн. Баянцагааны тулаан Халхын голын дайны эцсийн ялалт манай талд ирэх эхлэлийг тавьж өгсөн юм. Үүний дараа наймдугаар сард хамгийн эцсийн ерөнхий давшилт болж Японы цэргийг бүрэн бут цохисон юм.
- Ялалтын баяраа яаж тэмдэглэсэн бол...
- Дайны фронт дээр Монгол, Зөвлөлтийн цэргүүд их л баярлаж, хүн болгон өөрийнхөө гарт байгаа буугаар салют хийж, малгайгаа дээш чулуудаж, бие биеэ тэвэрч их хөөрч байсан даа. Дайн дууссаны дараа тэнгэр цэлмэх шиг, нар улам тод болох шиг, амьсгалахад хөнгөн болж, газар нутаг дээр ногоон зүлэг, элсэн манхан дээрээ дээшээ хараад хэвтэж баярлаж байлаа даа.
- Та дайнд явахаасаа өмнө юу хийж байв?
- Би арван наймтай цэргийн ерөнхий сургуульд ороод, төгсөнгүүтээ хязгаарт томилогдон дайнд явсан даа. Таван сарын 28-ны тулалдааны дараа хорооны даргаас дэвшиж дивизийн дарга болсон. Мөн гурван сар хорооны даргыг түр хамааран давхар хашиж байсан хүн. Бид түүхэндээ монгол улсын тусгаар тогтнолыг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахын тулд зүтгэж байлаа. Хойч үеийн залуус эх орноо гэсэн ариун сайхан сэтгэлийг тээж яваасай гэж хүсдэг. Халхын голын дайн ирээдүй хойч үеийнхэнд тусгаар тогтнолын төлөөх ариун дурсамж болж үлдэх учиртай.
- Манай арми зэвсэг техникийн хувьд ямархуу байв?
- Манай арми зэвсэглэлийн хувьд тэр үеийн ЗХУ-ын зэвсэг техниктэй байлаа. Энэ дайны үед манай жирийн иргэд армийнхаа ард талыг бүрэн хангаж байсан. Дайчдыг хүнс, морь агтаар хангаж, сургуулийн сурагч пионероос эхлээд өндөр настнууд, хот хөдөөгийнхөн бүгдээрээ захидал бичиж, бэлэг дурсгалын зүйл илгээж дайчин биднийг баярлуулж, зоригжуулдаг байв. Харин цэрэг, дайчин бидэнд ар гэртээ захиа бичих зав ч байгаагүй. Нэг талаас зэрэгцэн байлдаж явсан Зөвлөлтийн армийнхан, нөгөө талаас манай ард түмэн армийхаа дайчдыг сэтгэл санаа, эд материалаар яаж хангаж байсан нь үнэхээр марташгүй сайхан. Одоо тэр цагийг эргээд бодохдоо үнэхээр бахархадаг шүү.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
гоё болж!!!!